Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НОХОЙД ХАЗУУЛСАН ИРГЭДЭД ГАЛЗУУГИЙН ВАКЦИН НЭМЖ ХИЙХГҮЙ

Тус аймагт нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийсэн асуудал олны анхаарлыг төвд байгаа. Эдгээр иргэдийг долоон нохой хазсан гэх бөгөөд нохойнуудыг устгалд оруулж, тархинаас давтан шинжилгээ авахад аль алинд нь галзуу өвчнийг үүсгэгч вирус илрээгүй байна. Тиймээс тус иргэдэд нэмж галзуугийн вакцин хийх шаардлагагүй гэж үзжээ. 

Одоогоор иргэдийн биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд ЭМЯ болон бусад байгууллагын зөвлөмжийн дагуу иргэдийг Улаанбаатар хотод давтан нарийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Иргэдийг хазсан нохойнуудын тухайд нэгээс бусад нь бүгд эзэнтэй ноход байжээ. Тиймээс нохдын эздэд хариуцлага тооцох юм байна. Хэрвээ нохойнуудаас галзуугийн вирус илэрсэн бол тухайн иргэн галзуурах цаашлаад нас барах эрсдэлтэй байжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-наас 26-ны хооронд есөн иргэн нохойд хазуулсан гэх үндэслэлээр АНЭ-т ирж, эрүүл мэндийн анхан шатны тусламж авахын зэрэгцээ вакцин хийлгэсэн байдаг. Ингэхдээ ЭМБ-ын ажилчид алдаа гаргаж тухайн иргэдэд сүрьеэгийн вакциныг өндөр тунгаар тарьсан. Уг хэрэгтэй холбоотой зарим албан хаагчдад хариуцлага тооцож эхэлсэн бол зарим нь үргэлжүүлэн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.