Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, улмаар сургалтыг теле хэлбэрээр явуулж байгаа. Тэгвэл теле хичээлийн үзэлт тус аймгийн хэмжээнд 80 орчим хувьтай байгааг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/-аас мэдээллээ.
Боловсролын хүрээлэнгээс батлагдсан сургалтын агуулгаар хичээл заадаг. Нэг 7 хоног шинэ хичээл үзээд, дараа 7 хоногт нь бататгах хичээл ордог. Манай газраас сургууль, анги тус бүрийг хүүхдүүдийнхээ судалгааг тогтмол хийж байх чиглэлийг өгсөн. Байгууллага, анги бүр өөрсдийн гэсэн цахим хаягтай болохоор хүүхдүүд, эцэг эхчүүдтэйгээ холбогдоод мэдээллээ авч байгаа. Ер нь аймгийн хэмжээнд теле хичээлийн хандалт бидний бодож байснаас дээгүүр байгаа. Өнгөрсөн 02 дугаар сард буюу сар шинийн баярын өдрүүдэд гүйцэтгэлийн хувь унаад байсан ч одоо дахиад эрчимжсэн. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ маш сайн дэмжиж, хамтран ажиллаж байгаа таатай мэдээлэл байнга бидэнд ирж байна. Энэ бол том үр дүн гэж бодож байгаа хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа хэллээ.
Сүхбаатар аймгийн хэмжээнд ЕБС-ийн 12300, СӨБ-ын 5600 гаруй хүүхэд бий.
Т.Одончимэг