
Малчдын тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилго бүхий Шинэ хоршоо хөдөлгөөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймагт 260 гаруй хоршоо шинээр байгуулагджээ.
Шинэ хоршоодын 220 нь 50 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг буюу нийт 19,4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нийт зээлийн дийлэнх нь мал үржлийн болон шинээр мал худалдан авах зориулалттаар олгогдсон байна.
Шинэ хоршоо хэрэгжээд богино хугацаа өнгөрсөн ч малчид, хоршоологчдын хувьд сэтгэгдэл өндөр байгаа. Эхний жилд олгогдсон зээлүүдийг харахад өнгөрсөн өвөл, хавар малын хорогдол үнэхээр өндөр байсан учир малчид эхлээд малтай болох гэсэн хүсэл их байна гэж дүгнэж байгаа. Тиймээс цаашид хоршоодыг илүү чадавхжуулах, үндсэн зорилго болох мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, малын тэжээл тариалах, малын үүлдэр угсааг сайжруулахад хоршоодын үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хэллээ.
Шинэ хоршоо хөдөлгөөн таван жилийн хугацаанд үргэлжилнэ.