Орон нутагт зарим төрлийн спорт төдийлөн хөгжихгүй байна. Жишээлбэл, Сүхбаатар аймагт ширээний теннисний спортын хөгжил, тамирчдын ур чадвар хоцрогджээ. Мэргэжлийн дасгалжуулагчгүй, хариуцсан холбоо ажлаа хангалттай хийдэггүй зэрэг нь энэхүү спорт хөгжихгүй болж буйн гол шалтгаан гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Гурван жилийн өмнө манай аймгийн өсвөрийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Энэ үед тамирчдын ур чадвар үнэхээр хангалтгүй, бусад аймаг нийслэлийн тамирчдаас хоцрогдож байгаа нь мэдрэгдсэн. Гол шалтгаан нь мэргэжлийн багш дасгалжуулагч байхгүй, хариуцсан холбоо нь ажлаа хангалттай хийхгүй байгаатай холбоотой. Одоогоор сум сургуулийн биеийн тамирын багш нар л энэ спортыг сонирхож буй хүүхдүүдэд өөрсдийн хэмжээнд зааж сургаж байна. Аймгийн БТСГ-ын зүгээс ч ширээний теннисний спортыг бүр устаж үгүй болгохгүйн тулд жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр насны ангиллаар зохион байгуулж байна гэж аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч Ц.Ганбат хэллээ.
Харин ширээний теннисний спортыг сонирхогч, энэ спортыг хөгжүүлэх зорилгоор сумандаа 2014 оноос хойш дугуйлан хичээллүүлж байгаа Д.Түмэнжаргал хэлэхдээ, Би өөрөө нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Энэ спортод үнэхээр дуртай учир одоо сумандаа сайн дураараа дугуйлан хичээллүүлж, жил бүр шавь нараа тэмцээн уралдаанд оролцуулж байна. Тамирчдын маань ур чадвар аймагтаа болоод байгаа ч бүс болоод улсад очихоороо үнэхээр гологддог. Уг нь энэ төрлийн спортыг хөгжүүлэх, шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах боломж бий. Гэвч төр засгийн зүгээс ямар ч дэмжлэг байхгүй, үүнд чиглэлэсэн ямар ч бодлого байдаггүй нь үнэхээр харамсалтай гэв.
Т.Одончимэг