Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Г.АЛТАНСҮХ: СУМАА ХӨГЖҮҮЛЭХ БОДИТ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ НЬ БИДЭНД БЭЛЭН БАЙНА …

Халзан сумын ирээдүйн хөгжил, сум орон нутгийнхаа хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх ажлыг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан талаар тус сумын Ардчилсан намын дарга Г.Алтансүхтэй ярилцлаа. Тэрээр намын нөхдийн хамтаар Халзан сумаа хөгжүүлэх бодит  төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх арга замуудаа ч хэдийн тодорхойлжээ.

Сайн байна уу та, сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна уу?

Өө тэгэлгүй яахав, сурталчилгаа ид өрнөж, намын даргын хувьд нэр дэвшигчдийнхээ хамтаар өдөр бүр иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж явна.

Төрөлх нутгийнхаа ирээдүйг тодорхойлох боломжийг олговол, Халзан сумынхаа хөгжлийг хэрхэн төсөөлж байна. Бодож төлөвлөсөн зүйл их байгаа байх. Энэ талаар хоёулаа яриагаа эхлүүлье?

Мэдээж бид төрөлх нутгийнхаа ирээдүйг өөдрөг, өнгөлөгөөр төсөөлж байгаа. Улсын хөгжлийг багаас, сумаас эхлүүлэх ёстой. МУын хэмжээнд 330 сум байна. Эдгээр сум бүгд жигд хөгжиж байж улс эх орны маань хөгжил эерэгээр тодорхойлогдоно. Сүхбаатар аймгийн АН үеийн үед сумдруу чиглэсэн томоохон ажлуудыг шат дараатай хийж ирсэн. Халзан сумын хувьд аймагтаа ойр,  хүн ам цөөн, газар нутаг багатай жижиг сум хэдий ч бидэнд хөгжих олон боломж бий. Бид мөрийн хөтөлбөртөө хүний хөгжил,сумын төвийн болон хөдөөгийн хөгжлийг цогцоор нь тусгасан. Хүний хөгжлийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд,ажлын байр сумын төвийн хөгжлийн хүрээнд дахин төлөвлөлт, зам орон сууц, гэрэлтүүлэг, ногоон байгууламж хөдөөгийн хөгжлийн хүрээнд жишиг багийн төв, малын үүлдэр угсааг сайжруулж  ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтлыг арилгах зэрэг олон зорилт тусгасан.

Сумын төв доторх замын суурь тавигдаад удаж байгаа шүү дээ. Яагаад өдийг хүртэл хучилт нь хийгдээгүй байгаа юм бэ?

Замын суурь нь 2012-2016 онд АН-ын засаглалын үед хийгдсэн ч хучиж амжилгүй засаглал солигдсон байдаг. Тиймээс журмын нөхдийнхөө анх санаачлан эхлүүлсэн энэ ажлыг бид дуусгана гэсэн итгэл дүүрэн байгаа. Засмал замтай болбол сумын төвийн тоосжилт багасаж, замаа дагасан ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх олон ажил хийгдэх болно.Нэн тэргүүнд энэ замын ажлыг дуусгах ёстой гэж харж байгаа.

Аливаа сум орон нутгийн хувьд иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ гэдэг чухал шүү дээ? Энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа вэ?

Хамгийн гол зүйл энэ шүү дээ. Ард иргэд амгалан тайван, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ёстой. Тиймээс нөгөө л дээр хэлсэн замаа иж бүрнээр дуусгаж, мөн гэр хорооллын гэрэлтүүлэг, гудамж талбайн эмх цэгц, замуудын тэмдэг тэмдэглэгээ, камержуулалтыг нэмэгдүүлэх ажлуудыг хийх ёстой. Энэ бүхэн манай намын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдсан байгаа.

Халзан сумын ногоон байгууламж хангалтгүй харагддаг. Тиймээс ирэх жилүүдэд энэ ажлыг хэрхэн хийхээр төлөвлөсөн бэ?

Энэ бол маш чухал зүйл.Үнэхээр сумын хэмжээнд ногоон байгууламж  хангалтгүй байгаа нь үнэн. Энэ ажил яагаад үр дүнгүй байгаад байна гэхээр миний харж байгаагаар төр засгийнхаа бодлого шийдвэр, хийж буй ажлаа иргэдийнхээ хүсэлд нийцүүлж, тэдэнтэй нягт хамтарч чадахгүй байгаатай холбоотой гэж бодож байна. Мод тарихын ач холбогдолыг иргэд төдийгүй хүүхэд багачуудад сурталчилан таниулах хэрэгтэй. Хашаандаа болон баг хороондоо, өөрийн байгууллагадаа сайхан мод тарьсан хүмүүсийг бодлогоор дэмжиж, шагнаж урамшуулаад явбал ногоон байгууламж гэдэг тийм хүнд ажил биш. Би өөрөө олон жил мод тарьж байгаа хүн. Аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага надад бий. Ер нь сум орны хөгжил гэхээр заавал нүсэр их мөнгө, том барилга байшин гэж  харах хэрэггүй. Сэтгэл нэгдээд баг хамт олноороо хамтарч чадвал их хөрөнгө заралгүйгээр юуг ч хийж болдог. Ялангуяа манай сум жижиг, авсаархан сум учир маш амархан хөгжих боломжтой.

Тэгэхээр баг хамт  олон гэдэг маш чухал байх тийм үү?

Тийм. Би түрүүнд хэлсэн шүү дээ.Сэтгэл зүтгэлтэй,хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр багаа  бүрдүүлээд дээрээс нь иргэдтэйгээ хамтраад хөгжил өөд тэмүүлбэл бидэнд маш их боломж бас нөөц бий.

Ирэх жилүүдэд газар зохион байгуулалт, газар чөлөөлөлтийг хэр их хийх вэ. Энэ талаар тодорхой тусгагдсан ажил юу байна?

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бий. Үүнтэйгээ уялдуулаад сумын төвийн дахин төлөвлөлт гэдгийг зайлшгүй хийх шаардлагатай.Гэхдээ энэ ажлыг иргэдтэйгээ зөвлөлдөн хийх ёстой. Гэр хороолол нь шугам шиг цэгцэрсэн, цаашлаад төвийн шугам сүлжээнд холбогдсон байх юм бол нөгөө яриад байгаа ая тухтай орчин бүрдэнэ шүү дээ.

Сүхбаатар аймгийн хэд хэдэн сум орон сууцтай. Халзан суманд байхгүй. Ирэх жилүүдэд орон сууц барих уу?

Энэ бол манай мөрийн хөтөлбөрийн зорилтын нэг хэсэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийнхээ боломжид тулгуурлах ёстой. Нийтийн орон сууцыг улсын төсвөөс санхүүжүүлдэггүй шүү . Ипотекийн зээл, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар  орон сууцтай болох боломжтой. Бусад сумдууд ч ийм л замаар шийдвэрлэсэн байдаг. Мөн орон сууцанд гэлтгүй хашаандаа сайхан амьдрах боломжийг ч бий болгож болно. Дэд бүтцийг нь шийдвэрлэх замаар үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ер нь хийж хэрэгжүүлэх ажил басхүү хүсэл эрмэлзэл бидэнд дүүрэн байна. Гол нь ард иргэд маань манай намын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцах хэрэгтэй.  Үнэхээр манай суманд хэрэгжих боломжтой юу, үүнийг хийвэл ямар ач холбогдолтой байх вэ гэдгийг бодож үзээсэй гэж хүсэж байна. Ингээд иргэд маань манай намд итгэл үзүүлбэл бодит төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга замууд нь бидэнд бэлэн байна.

Янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан Халзан сумын хөгжил бусад сумдаасаа арай хоцрогдоод байна уу даа гэж би хардаг. Тэгэхээр энэ хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх үүрэг хариуцлага та бүхэнд ирж болох юм?

Бид үнэхээр одоо хөгжлийн хурдаа нэмэх хэрэгтэй. Мэдээж өнгөрсөн цаг хугацаанд тодорхой ажлууд хийгдсэн. Гэвч  иргэдийн сэтгэл ханах хэмжээнд хүрч чадахгүй байгаа юм. Сум орон нутагт сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, шинэхэн нутгийн удирдлагын ордон, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг  ашиглалтад орлоо. Төрийн байгууллагуудын барилга байгууламжууд харьцангуй сайжирсан. Харин одоо бид иргэдрүүгээ чиглэсэн болоод сумынхаа хөгжилд анхаарсан ажлуудаа шат дараатай хийснээр бусад сумын хөгжилтэй эн зэрэгцэх, цаашлаад тэргүүний сум хүртэл болох бүрэн боломжтой гэж харж байгаа.

Мэдээж олонх болсон нам сумандаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Тэгэхээр нийгмийн бүхий л салбарт чиглэсэн ажлууд хийгдэх ёстой шүү дээ. Энэ бүхнийг нарийн тусгасан уу?

Тэгэлгүй яахав. Бүтээн байгуулалтаас гадна боловсрол эрүүл мэндийн салбар мөн хүний хөгжил рүү чиглэсэн ажлууд бүгд тусгагдсан. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд сум орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдрал ахуй, хүүхэд залуучуудын хөгжил гээд  олон зүйл өөрчлөгдөх болно. Тиймээс дахин хэлье. Иргэд сонгогчид маань намын мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцах хэрэгтэй.

Мэдээж хамгийн чухал салбар бол ХАА. Халзан сум 200 гаруй малчин өрхтэй. АН-ын мөрийн хөтөлбөрт малчидруугаа чиглэсэн ямар ажлууд хийгдэхээр тусгагдсан бэ?

Малчид бол малынхаа ашиг шимээр л орлого олж, амьдралаа залгуулдаг. Гэвч үнэндээ тэд сэтгэлдээ хүртэл орлого олж, мал мах, түүхий эдээ борлуулж чадахгүй байгаа нь үнэн. Улс эх орны хэмжээнд мал мах хямдхан байна. Үүнд төрийн бодит дэмжлэг, зөв шийдвэрүүд басхүү хамтын ажиллагаа хэрэгтэй. Гэхдээ бид өөрсдөө орон нутагтаа  боломжийг эрэлхийлж, зохих ажлуудыг шат дараатайгаар хийх ёстой. Мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой зорилтуудыг тусгасан. Жишээ нь таван хошуу малыг үүлдэр угсааг нь сайжруулах замаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх салбарын тулгамдсан асуудлын нэг болох бэлчээр усны ашиглалтын талаар ч тодорхой ажлууд хийгдэхээр тусгагдсан байгаа.

Зав гарган ярилцсанд баярлалаа.

Т.Одончимэг