Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

М.НАРАНТУЯА: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ ОДОО БАЙГААГААС ДАХИН НЭМЭГДВЭЛ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ МАГАДЛАЛТАЙ

 

Сүхбаатар аймгийн эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ДБЭХС ТӨК-ийн Сүхбаатар салбарын захирал М.Нарантуяагаас тодрууллаа.

Эрчим хүчний үнийг тэглэх, хөнгөлөх болсонтой холбоотойгоор салбарын өнөөгийн нөхцөл байдал яг ямар байна?

Монгол Улсын Засгийн Газраас цахилгаан эрчим хүчний үнийг хөнгөлөх болсонтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд 50 хувиар, Сүхбаатар аймгийн тухайд 20 хувиар өссөн. Эрчим хүчний системийн хэмжээнд жилд нэг удаа өвлийн оргил ачааллын хэмжилтийг хийдэг. Уг хэмжилтийг 12 дугаар сарын 16-нд манай салбар хийлгэхэд дээрх үзүүлэлт гарсан. Ингэж хэрэглээ огцом нэмэгдсэнээс шалтгаалан эрчим хүчний зохицуулах хорооноос хэд хэдэн түр журмуудыг боловсруулж, зохицуулалт хийснээр сүүлийн өдрүүдэд хэрэглээ буурах, өмнөх түвшинд очих төлөв ажиглагдаж байгаа.

Хэрэглээний өсөлтийг бууруулахад хэрхэн анхаарч байгаа вэ?

Одоо манайд ашиглагдаж байгаа 10МВ-ын трансформатор 90 хувийн ачаалалтай ажиллаж байна. Хэрэв дахин хэрэглээ нэмэгдэх юм бол эрчим хүчний хязгаарлалт хийгдэх магадлалтай. Ийм байдалд хүрэх эсэх нь шууд хэрэглэгчдээс хамаарна. Тиймээс хэрэглэгчид ачааллын оргил үе болох 19-21 цагийн хооронд олон цахилгаан бараа зэрэг залгахгүй байх, цахилгаан халаагуураа түр хугацаагаар салгах шаардлагатай. Энэ зөвлөмж зөвлөгөөг ч манай зүгээс хэрэглэгчдэд тогтмол өгч, ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн хэжмээнд цахилгаан халаагуураар халаалтаа шийдсэн хичнээн өрх байдаг вэ. Энэ талаар судалгаа байдаг уу?

ЭХЗХ-оос шөнийн тарифыг хөнгөлөх журам батлагдан мөрдөгдөж байгаа. Энэ шөнийн тарифын хөнгөлөлтөд Сүхбаатар аймгийн хэмжээнд 215 өрх хамрагдсан байдаг. Гэтэл эдгээр өрхөөс гадна бусад хэрэглэгчид үнийн хөнгөлөлтийн сургаар манай салбарт мэдэгдэхгүйгээр цахилгаан халаагуураа нэмэх, шинээр ашиглах тохиолдлууд гарч байгаа нь ачаалал нэмэгдэх гол шалтгаан болж байна. Уг нь ийм тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, зөвлөгөө авах ёстой. Нөгөө талаар энэ нь галын аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй гэдгийг иргэд хэрэглэгчид ойлгохгүй байна.

Сүүлийн сарын цахилгааны төлбөр гэнэт өндөр гарлаа гэдэг яриа иргэдийн дунд их гарч байна. Энэ юутай холбоотой вэ?

12 дугаар сарын 05-нд 11 сарын бичилт хийгдээд, одоо төлбөрөө хуримтлуулах ажил хийгдэж байна. Иргэдээс энэ удаагийн төлбөрийг өмнөхөөс өндөр гарлаа гэдэг санал гомдол манайд ч ирсээр байгаа. Энэ тохиолдолд иргэдийг тоолуурын заалтаа эрчим хүч, мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай хамт шалгах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Ямартай ч иргэд төлбөрөө бүрэн барагдуулж байж дараа сараас хөнгөлөлтөө эдлэх боломжтойг анхаарах ёстой.

Ер нь салбарын хэмжээнд өр авлага хэр байгаа вэ?

Мэдээж тодорхой хэмжээгээр өр үүсдэг. Одоогоор манай салбарын хувьд 43 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнд айл өрхүүд болон ААНБ-уудын төлбөрийн үлдэгдэл багтаж байгаа.

Баярлалаа.

Ярилцсан Т.ОДОНЧИМЭГ