Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМАГТ УГИЙН БИЧИГ ХӨТЛӨЛТ 40,5 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан Угийн бичиг хөтлөх журмын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар зарласан “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалъя” уралдааны дүн гарчээ. Бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн уралдаан сум, байгууллага, өрх, иргэн гэсэн төрлөөр зохион байгуулагдсан юм. Өнгөрөгч онд тус аймгийн хэмжээнд угийн бигийн хөтлөлт 40,5 хувьд хүрч 2019 оноос 1,2 хувиар өссөн байна.

Нийт долоон сая төгрөгийн шагналын сантай уралдааны шилдгээр Сүхбаатар сум шалгарчээ. Тус сумын иргэд 2016 оноос хойш угийн бичиг хөтөлж эхэлжээ. Одоогоор 250 гаруй өрх тогтмол хөтлөлт хийж, энэхүү ажлын биелэлт сумын хэмжээнд 30 гаруй хувьтай хэрэгжиж байгаа аж.

Харин уралдааны өрхийн төрөлд түрүүлсэн Д.Нандин-Эрдэнэ хэлэхдээ, сүүлийн гурван жилийн хугацаанд сумандаа болсон сургалтад тогтмол оролцож, гарын авлагатай маш сайн танилцснаар угийн бичих хөтлөх аргачлалаа ойлгосон. Ингэснээр хөтлөлтийн ажил маань илүү ойлгомжтой, цэгцтэй болж ирсэн л дээ. Нөгөө талаар 1990 оны сүүлээр өвөө маань улсын архиваас өөрийн удам угсааны талаар түүхэн мэдээллүүдийг олж авч үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээсэн нь угийн бичиг хөтлөх ажилд маш их тус болж, миний хувьд үнэ цэнэтэй зүйл болон үлдсэн. Ер нь угийн бичиг хөтлөхөд судалгаа маш чухал юм байна гэдгийг үүнээс ойлгосон. Одоо манай удамд надаас гадна дүү маань угийн бичгээ хөтөлдөг гэв.

Угийн бичиг хөтлөх ажил манай аймагт 2018 оноос эрчимжсэн гэж хэлж болно. Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран сургалт мэдээлэл хийх, цуврал теле хичээлүүдийг бэлтгэн иргэдэд хүргэж ирсэн. Гэвч иргэн бүрт үүний жинхэнэ утгыг ойлгуулах ажил төдийлөн сайн хийгдэхгүй байна гэж хардаг. Харин өндөр шагналын сантай ийм уралдаан зохион байгуулснаар хүмүүсийн хандлага өөр болж байна. Энэ удаагийн уралдаанд үнэхээр сайн угийн бичгүүд олон ирснийг хараад баярлаж суулаа. Тиймээс цаашид яг энэ эрчээрээ байж, аймаг даяараа ядаж өрхөөс нэг нь заавал угийн бичгээ хөтөлдөг болгоход төр засгаас бодлогоор анхаарч ажиллах хэрэгтэй гэж уралдааны шүүгч, төрийн ахмад албан хаагч Ш.Бадарчин хэллээ.