Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Эдгээрээс өдгөө ашиглалтад орсон ч барилгын чанараас болж үйл ажиллагаа нь жигдрээгүй, хөрөнгө мөнгө болоод гүйцэтгэгчээр шалгарсан компанийн буруутай ажиллагаанаас болж барилгын явц зогссон газрууд цөөнгүй байна. Тиймээс хариуцсан ажлаа хангалтгүй хийсэн компанид дахин тендер олгохгүй гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат онцоллоо.
Аливаа компаниуд тендерт өрсөлдөхдөө шударгаар оролцох нь ховор. Хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр түрий барьж, шалгарсныхаа дараа хариуцаж авсан ажлаа хийхдээ мэргэжлийн бус түр ажилтангаар хийлгэдэг, эсвэл ямар ч чадамжгүй байж дээгүүр доогуур хөөцөлдөх замаар шалгарч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг. Ийм асуудал орон нутагт их. Энэ нь нэг талаараа тухайн компаниудын, нөгөө талаар шалгаруулалтыг нь хийж, сонгож байгаа зохион байгуулалтын ажлын хэсгийнхэний ч том алдаа. Гэвч энэ бүхний эцэст сум орон нутаг, иргэд хохироод үлддэг. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Халзан суманд өнгөрсөн жилд ашиглалтад орсон соёлын төв дээврээсээ ус гоожиж, дотор хана нь цан цохиж эхэлжээ. Түвшинширээ суманд мөн онд ашиглалтад орсон шинэ цэцэрлэг тухайн зунаа бороонд автаж цэцэрлэгийн шал цөмөрч, хана цонхонд цууралт өгч нурсан. Мөнххаан суманд баригдаж буй спорт заал, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдын 200 хүүхдийн цэцэрлэг, Баруун-Урт сумын тавдугаар сургуулийн ажил жил дамнан царцсан байдалтай байгаа юм. Дан ганц улсын төсөв бус орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй бүрэн болон урсгал засварын ажлуудад ч чанарын асуудал их гардаг гэдгийг удирдах ажилтны зөвлөгөөнөөр сумын удирдлагууд хэлж байгаа юм.
Тиймээс цаашид төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдлээс сэргийлж дээрх шийдвэрийг аймгийн засаг дарга гарган, тендер шалгаруулалтын ажлыг маш сайн зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгөв.
Т.ОДОНЧИМЭГ