Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 108 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд МЭХ-ны Сүхбаатар аймаг дахь салбарын зүгээс орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Ахмад, дунд, залу үе гээд тус аймгийн хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэй ажилчид цөөн. Гэвч бүгд хүний эрхийг хангах, тэр дундаа эмэгтэйүүд, охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ажиллахаа илэрхийлж байлаа.

Хамгийн гол нь бид цаашид эмэгтэйүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах юм. Нөгөө талаар сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь эрх ашиг ажил хөдөлмөрөө эрхэлж байх үед нь хэрхэн зөрчигдөж байгааг бид ил гаргахыг зорьж байна. Ер нь аливаа төрлийн хүчирхийллийг таслан зогсоохгүйгээр улс орны хөгжил дэвшлийг ярих нь өөрөө зохисгүй. Хүчирхийлэл гэдэг өөрөө гэмт хэрэг. Үүний талаар олон нийтэд маш сайн ойлголт өгөх ёстой. Тиймээс бид хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа илүү ойр, нягт ажиллах ёстой гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар сэтгүүлчид бол хүний эрхийг хангагчид байдаг. Тэгэхээр бидний хамтын ажиллагаа олон олон үр дүнг бий болгоно гэдэгт итгэлтэй байна гэж МЭХ-ны Сүхбаатар салбарын тэргүүлэгч, ХЭҮК-ын референт Х.Наранцэцэг ярилаа.

Уулзалтын төгсгөлд зохион байгуулагчдын зүгээс хэвлэл мэдээллийг салбарын зарми эмэгтэй ажилчдын холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм.

Т.ОДОНЧИМЭГ