Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас жил бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгийн төсөл зарлагдсан ч хорио цэрийн дэглэмтэй холбоотойгоор бүртгэлийн ажил цахимаар хийгдэж байгаа. Тиймээс бид аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгонтой цахимаар холбогдож, энэ жил хэрэгжих хөтөлбөрүүд болоод бүртгэлийн талаар ярилцсан юм.
-Танд өдрийн мэнд хүргэе. Энэ жил хөдөлмөр эхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжих хөтөлбөрүүдийн талаар эхлээд мэдээлэл өгөөч?
-Баярлалаа. Уншигчдадаа өдрийн мэнд хүргэн мэндчилье. Жил бүр хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зургаан хөтөлбөр хэрэгждэг байсан. Энэ жилийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор таван хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Хөдөлмөрт бэлтгэх, цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хөтөлбөрүүд хэрэгжинэ. Энэ жилийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөв маань өмнөх жилүүдээс бага батлагдаж ирсэн. Жишээлбэл, өмнөх онуудад малжуулах арга хэмжээнд 34 өрх хамруулдаг байсан бол энэ жил 13 өрх л батлагдаж ирсэн. Тэгэхлээр манай аймгийн хэмжээнд нэг суманд нэг өрх л үүнийг хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Онцлог, шинэ төрлийн хөтөлбөр нь аль аль вэ?
-Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр шинээр хэрэгжиж байгаагаараа онцлог. Энэ нь дотроо санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малжуулах, нийтийг хамарсан ажлууд, сургалтууд зэргийг багтаасан. Ерөнхийдөө Ажил олгогч болоод ААНБ иргэдэд зориулсан хөтөлбөр байгаа юм.
-Хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг хэрхэн авч байна. Ер нь иргэдийн оролцоо хэр байдаг вэ?
-Манай байгууллагын зүгээс хөтөлбөрүүдээ цахимаар иргэддээ танилцуулан санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй иргэдийн төсөл хүлээн авах хугацааг сунгаж 4 дүгээр сарын 25-аас 6 дугаар сарын 1 хүртэл сунган онлайнаар бүртгэж байна. Одоогоор нийт 31 иргэн бүртгүүлээд байна. Хөтөлбөрүүдийн маань санхүүгийн дэмжлэг бусад зээлтэй харьцуулахад хүүгүй, хугацаа 36 сар, ямар нэг барьцаа шаарддаггүй болохоор жилийн жилд иргэд маш их хамрагддаг.
-Гол шалгуур нь юу байдаг вэ?
-Тухайн хүн ажлын байр гаргаж үйл ажиллагаагаа тогтмол явуулах гэдэг бол бидний тавьдаг гол шалгуур. Гэхдээ хөтөлбөр болгон тус тусдаа шалгууртай. Мэдээж эдгээр шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд хамрагдах эрх нь нээгдэнэ.
-Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт хэдэн төрлийн хөтөлбөрт хичнээн хүн хамрагдсан байдаг юм бэ?
-2020 онд зургаан хөтөлбөр хэрэгжиж нийт 1676 иргэн хамрагдсан. Үүнд аж ахуй эрхлэлтийн сургалт, мэргэжил олгох сургалт, хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, санхүүгийн дэмжлэг,нийтийг хамарсан ажил, бүлгийн ногоо тариалах, зохион байгуулалттай ажлын зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байдаг.
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн?
-Хамгийн гол нь манайд бүртгэлтэй ажилгүй иргэд байнгын болон түр ажлын байраар хангагддаг. Мөн мэргэжил олгох сургалтад хамрагдаж ажлын байртай болох, залуу малчид маань малжуулах хөтөлбөрт хамрагдан малтай болох зэргээр хөтөлбөрийн үр дүн их. 2014-2019 онд завхөн малжуулах хөтөлбөрийн үр дүнд аймгийн хэмжээнд 300 хүртэлх малтай өрх 70 орчим болж, 500-аас дээш малтай өрх 12 –оор нэмэгдсэн.
-Ер нь Сүхбаатар аймагт хэрэгжих боломжтой, өндөр үр дүнтэй хөтөлбөр аль нь вэ, яагаад?
-Хамгийн тохиромжтой нь малжуулах хөтөлбөр. Үүнд огт малгүй болон богд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай 18-45 насны иргэд хамрагддаг. Гурван жилийн хугацаанд өөрсдөө эргэн төлөлтийнхөө хуваарийг хийж, ямар нэг хүүгүйгээр төлдөг. Сүүлийн жилүүдэд малын дайвар бүтээгдэхүүн, ноос ноолуурын үнэ өндөр байна. Мөн манай аймгийн малын мах амт шим сайтай учир зах зээлийн эргэлтэд оруулахад ямар ч саадгүй. Иймд үнэхээр малаа өсгөж чадвал ач тус нь тэр хэмжээгээр их байна гэсэн үг.
-Тэгвэл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл нь юу байна. Өөрөөр хэлбэл үр дүнгүй хэрэгжиж буй хөтөлбөр байдаг уу?
-Зээлийн эргэн төлөлт л асуудалтай байдаг. Бид санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн хүмүүст үнэхээр итгэл үзүүлж хийж буй үйл ажиллагааг нь үзээд л ажлын хэсгээрээ хэлэлцэн санхүүгийн дэмжлэг олгодог. Иргэд ч эргэн төлөлт хийх хувиараа өөрсдөө гаргадаг ч хугацаандаа төлдөггүй. Жишээ нь сард 150 мянган төгрөг төлөхөөр гэрээ хийж, хувиар гаргаж өгсөн бол тэр мөнгөө сар болгон хийгээгүйгээс болж өөрсдөдөө ачаалал үүсгэдэг. Мөн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр нэг бүлэгт 10 сая төгрөгийг гурван жилийн хугацаатай олгож байгаа. Гэтэл бүлгийн гишүүд нөгөө мөнгөө хувааж аваад л үйл ажиллагаа явуулахгүй байх жишээ ч бий. Гэхдээ саараас илүү хөтөлбөрөө сайн амжилттай сайн хэрэгжүүлж байгаа залуучууд ч бий.
-Ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжснээр Сүхбаатар аймагт ажлын байр хэрхэн нэмэгдэв?
-Зөвхөн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аймгийн хэмжээнд жилд 150-200 орчим түр болон байнгын ажлын байр гардаг. Гол нь үүнийгээ хадгалаад явах нь л чухал.
-Мэдээж хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд зориулсан сургалтыг тогтмол өгдөг байх?
-Бид санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгээд 3-5 хоногийн аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулдаг. Энэ сургалтаараа бизнесээ яаж хөгжүүлэх, төсөл яаж бичих, санхүүгээ яаж хөтлөх, яаж ашигтай ажиллах гэх мэтээр тодорхой чиглэлэлийг олгодог. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хувьд гурав хоногийн сургалт хийгээд дараа нь таван долоо хоногийн хурдасгуурт хамрагдан амжилттай оролцсон төслүүдийг нь шалгаруулдаг. Мөн шалгарсан төслүүдэд тогтмол заавар зөвлөгөө өгч ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.
Т.ОДОНЧИМЭГ