Аймгийн Шуурхай штабаас өгсөн мэдээгээр Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт шинээр Баруун-Урт 17, Онгон нэг, Наран дөрөв нийт 22 тохиолдол нэмэгдсэнээр халдвар авсан хүний тоо 356 боллоо. Дархлаажуулалтад хамрагдаагүй учир 0-17 насны хүүхдүүд халдвар авах магадлал өндөр байна. Халдвар авсан иргэдийн 40 хувийг хүүхдүүд эзэлж байгааг ЭМГ-аас анхаарууллаа.
Харин сүүлийн 24 цагт 15 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах эмнэлэгт 93 хүн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчдыг тогтоох тандалт судалгааны нэг баг ажиллаж байна. Одоогоор ойрын 574, дам 910 харьцагчийг тогтоосон. Эдгээрээс 78 иргэний PCR шинжилгээний хариу хүлээгдэж байна гэв.
Аймгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын 119 эмч, эмнэлгийн ажилтан үзүүлж байна.
Т.ОДОНЧИМЭГ