Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР…

Сүхбаатар аймаг Токио-2020 зуны олимпын усан спортын төрөлд оролцох тамирчдыг орон нутагтаа бэлтгэл хийх боломжоор хангахаа мэдэгдсэн. Энэ талаар аймгийн засаг дарга М.Идэрбатаас тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ, Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд улс орны тамирчид бэлтгэл сургуулилтаа ид хангаж байгаа. Харин манай улсаас усан спортын төрөлд оролцох тамирчид бэлтгэл хийх газаргүйн улмаас Туул голд бэлтгэлээ хийж буй мэдээлэл цахим орчинд тарж олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн. Үүнийг хараад Сүхбаатар аймаг олимпод оролцох баг тамирчдаа дэмжих боломжтой гэж үзсэн. Харин тэдгээр тамирчид, багш дасгалжуулагчид маань өөрсдөө хүсэх юм бол орон нутгийн зүгээс дан ганц бассейнаараа үйллээд зогсохгүй байрлах байр, хоолноос эхлээд орон нутагт байх хугацаанд гарах зардалд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Ингэснээр улс эх орноо төлөөлөн оролцож буй тамирчид маань амжилт гаргахад нь тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна гэж харж байгаа гэлээ.

Одоогоор цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бассейны үйл ажиллагаа түр зогссон. Гэсэн хэдий ч олимпод оролцох багш дасгалжуулагч, тмирчид өөрсдөө зөвшөөрвөл тэдэнд зориулж үүд хаалгаа нээхэд бэлэн байгаа гэнэ. Тус бассейн нь 25 метрийн урт, 15 метрийн өргөн зургаан замтай, 200 үзэгчийн багтаамжтай бөгөөд олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах хүчин чадалтай, улсдаа ганц гэх тодотголтой бассейн юм.