Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо төслийн нэгдүгээр шатны сургалтад Сүхбаатар аймгаас 80 хүүхэд хамрагдаад иржээ. Үүнд Баруун-Урт сумаас хамрагдсан 23 залууг аймгийн ХХҮГ-т ажлын байрны захиалга ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд 14 хоногийн дадлага хийлгэх гэрээг байгууллаа.
Манайд уул уурхай, зам, барилга, худалдаа үйлчилгээ, ХАА зэрэг чиглэлээр ажлын байрны захиалга өгсөн. Эдгээр байгууллагуудын удирдлага, хүний нөөцтэй дээрх залуучуудыг уулзуулж, хэн ямар чиглэлээр дадлага хийх боломжтойг тодорхойллоо. Жишээлбэл, Талын зам компани, Талын гал нүүрсний уурхай зэрэг газрууд 5-15 хүртэлх залууг байнгын ажлын байранд авах боломжтой гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ дадлагын хугацаанд залуучууд маань идэвхтэй сайн ажиллавал шууд тухайн газраа ажилтнаар үлдэх юм гэж аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгон хэллээ.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцон залуучууд болон ажил олгогчдын сэтгэгдлийг сонссон юм. 14 хоногийн сургалт нь хагас цэрэгжилтийн байдлаар явагдсан нь тэдэнд маш их таалагдаад зогсохгүй хувь хүний төлөвшил, тэсвэр хатуужилд суралцаж, өөрийн хүчээр ажиллаж хөдөлмөрлөхийн сайхныг илүү ихээр ойлгосон гэдгээ хэлж байлаа. Мөн ийм төсөлд хамрагдах боломжийг олгосон аймгийн ХХҮГ-ын хамт олонд таралхалаа илэрхийлж байв.
Сургалтад хамрагдсан бусад сумын залуучууд мөн сум сумандаа дадлага хийнэ. Дадлагын дараа тухайн газрын тодорхойлолтод үндэслэн хүн бүр 500 мянган төгрөгийн урамшууллыг төрөөс авах аж. Мөн цаашид төсөлд хамрагдсан залуучуудыг нэг жил ба түүнээс дээш хугацаагаар тогтвортой ажлын байраар хангасан ажил олгоч болоод, идэх зүтгэлтэй, тогтвортой ажилласан ажилтанд мөн төрөөс мөнгөн дэмжлэг олгохоороо онцлог юм.
Оролцоо төслийн хоёр дахь шатны сургалтад Сүхбаатар аймгаас таван залуу хамрагдаж байна. Бусад залуучуудын хувьд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хараахан энэ удаад явж чадаагүй байна.