Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

С.ӨНӨРЖАРГАЛ: ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИД МААНЬ ХАЛДВАР АВСАН Ч ЭМЧЛҮҮЛЭНГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

Сүхбаатар аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Бүх сум улаан түвшинд шилжиж, өдөрт тогтмол 150-220 тохиолдол бүртгэгдэж байна. Ялангуяа Баруун-Урт, Мөнххаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад халдварын тархалт өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор Түвшинширээ сумын халдварын болоод эмчилгээний нөхцөл байдлын талаар тус сумын ЭМТ-ийн эрхлэгч, их эмч С.Өнөржаргалтай цахимаар холбогдож, цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу? Түвшинширээ суманд халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

Сайн. Та бүхний амрыг эрэн мэндчилье. Халдварын нөхцөл байдал хүнд л байна. Халдвар нийтээр тархах эрсдэл маш өндөр байна. Сум тэр чигтээ л халдварын голомт болоод байна. Одоогоор сумын хэмжээнд нийт 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнээс 130 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн. Үлдсэн иргэдээ эмнэлэг болон гэрээр эмчилж байна.

Эрүүл мэндийн төвийн болоод ажилчдын ачаалал хэр байна. Хүн хүч муутай байгаа гэж сонссон?

Тийм ээ. Сумын ЭМТ-ийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг хүн 3-4  хүний ажил нөхөж байна. Ер нь яг үнэндээ ажилчид маань туйлдаж байна. ЭМТ-ийн нийт ажилчдийн 40% нь ковид 19-ын халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаа. Гэсэн хэдий ч хүн хүч дутмаг байгаа учир зарим нь эмчилгээгээ хийлгэнгээ давхар ажлаа хийсээр л байна. Манайх хоёр их эмч, гурван бага эмч, хоёр сувилагчтай.  Бид сумынхаа 3400 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Яг ийм цар тахлын үед бол үнэхээр хэцүү байдалд ажиллаж байна. Манай эмнэлэг ер нь л их эмч дутагдалтай байдаг. Эмчийн орон тоон дээр ажлын байр зарлаад байгаа боловч хөдөө орон нутагт ирж ажиллах хүн олдохгүй байна.

Эмнэлэг хичнээн ортой юм бэ?

Манай эмнэлэг үндсэн 14 ортой. Эмнэлгийнхээ өрөө тасалгаа болон хажуу талынхаа хуучин галладаг эмнэлэгтээ нэмэлтээр ор дэлгээд одоогоор 32 иргэнийг хэвтүүлэн эмчилж байна.

халдвар авсан иргэдийн хувь ихэнх нь эмнэлгт хэвтэн эмчлүүлэх сонирхолтой байх шиг байна?

Иргэд эмнэлэгт хэвтэх сонирхол их байна. Гэхдээ бид хүн бүрийг хэвтүүлэх боломж нөхцөл үнэхээр алга. Батлагдсан иргэдээ эхэлж үзэж эрэмблээд хүнд хүндэвтэр хүмүүс болон хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Гэрээр эмчилүүлж байгаа иргэдээс хүндрээд эмнэлэгт ирэх тохиолдол ч олон байна. Хүн хүч муутай учир гэрээр эмчлүүлж байгаа иргэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Гэвч бид боломж бололцоогоо ашиглаад очиж үзэхээс гадна утсаар байнгын хяналт тавьж байна.

Батлагдсан тохиолдлын хавьтлыг тодорхойлох, шинжилгээ авах ажил хэрхэн хийгдэж байна?

Батлагдсан тохиолдолын ойрын хавьталаас 6 дахь хоног  дээр шинжилгээ авч байгаа. ПСР гэхгүйгээр хамар, залгиурын шинжилгээгээр батлагдсан тохиолдолоо шууд эмчилгээнд оруулж байгаа.  Өдөрт 40-50  хүн шинжилгээ хийлгэж дундажаар 45-50% эерэг гарч байна.

Оношлуур болоод эм эмнэлгийн хэрэгслийн нөөц хэр байгаа вэ? Нөөцийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нөөцөө бүрдүүлж, цар тахлын  эсрэг бэлэн байдал хангах ажлыг хийж ирсэн. Аймгийн ЭМГ, Сумын онцгой комисс , иргэдийн хандив тусламж , төсвийн хөрөнгөөр 20 орчим сая төгрөгийн халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, эм тариа, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөөд байсан. Гэвч яг одоогоор 5-7 хоногийн л нөөцтэй байна.

Сум орон нутгийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна.  Үүний үр дүн?

Сумын онцгой комиссын гамшгийн зардал дууссан учир бид тусламж хүслээ ч тэр болгоныг шийдэж чадахгүй байх нь их байна. Ер нь энэ цар тахлын ард хамтын хүчээр гарна. Тиймээс сумын Онцгой комисс ч мөн өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа. Бидэнд чадах чинээгээрээ л хүн хүчний болоод дэлгэх ор,шаардлагатай эд хогшлоор туслаж, хамтран ажиллаж байгаа.

Халдвар хаа сайгүй тархаж, хөл хорио ч тогтоохоо болилоо. Яг ийм үед иргэн хүний ухамсар, хариуцлага л чухал болоод байна. Түвшинширээ сумын иргэдийн хувьд энэ тал дээр хариуцлагатай ажиллаж чадаж байна уу?

Уг нь тийм. Гэтэл хөдөө орон нутагт бол иргэний ухамсар гэдэг юм огт алга. Бүр гэрийн эмчилгээнд байгаа хүмүүстээ бид арай гэж цаг гаргаад, үзлэг хийхээр шөнө гэрт нь яваад очиход согтуу хэвтэж байдаг. Мөн, би хөнгөн туссан юм чинь гайгүй гээд гадуур явж, олон нийтийн газраар үйлчлүүлэх явдал их байна. Өөрийнх нь энэ байдал ард нь хичнээн хүний хөдөлмөрийг үгүй хийж, нөгөө талаар бусад хүмүүсийг ч эрсдэлд оруулж байгаа гэдгийг үнэхээр ойлгохгүй, ухаарахгүй байна.  Эмнэлгийн ажилчдын ачаалал их байгааг ойлгохгүй уурлаж уцаарлах, загнах, хэл амаар доромжлох бол энгийн үзэгдэл шиг болсон. Энэ нь эмч, ажилчдын ажлаа гэх сэтгэл, итгэлийг мохоож байна уу даа гэж харж байгаа.

Сум ЭМТ-ийн зүгээс аймгийн Онцгой комисст илгээх санал хүсэлт байна уу?

Нөхцөл байдал хаа хаанаа хүндэрлээ. Тиймээс орон нутагт нөхцөл байдалд нь тохируулж, хөл хорио тогтоох л маш чухал  байна дабид а. Үүнийг бид сумын Онцгой комисст ч хэлж байгаа. Гэвч суманд ингэж дур мэдэн шийдвэр гаргах мэдэл нь алга. Хөл хориог тодорхой хэмжээгээр тогтоохгүй л бол иргэд ухамсраараа дэглэм барьж, халдварыг бууруулна гэвэл худлаа. Нөгөө талаар орон нутагт ирж ажиллах эрүүл мэндийн байнууллагын ажилчдыг төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл ядаж л боловсон хүчний тал дээр асуудалгүй байх болов уу гэж бодогдох юм. Ганц манайх бус бүх сумдад энэ асуудал тулгарч байга байх. Бусдаар бол бид өөрсдийн хэмжээнд энэ цар тахалтай тэмцэж байна. Сайн сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт ч итгэж байна.

Ярилцсанд баярлалаа, та бүхэнд амжилт хүсье?

Баярлалаа. Хичээн ажиллах болно оо.