9 дүгээр сарын 30-ны 08 цагийн байдлаар тус аймагт халдварын 164 тохиолдол шинээр нэмэгдснээр нийт батлагдсан тохиолдол 6636-д хүрэв. Халдвар бүх сумдад бүртгэгдсэн хэвээр байгаа бөгөөд Баруун-Урт, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад тархалт хамгийн өндөр байна.
Тус сумдад гэрээр эмчлүүлэгсэд олон байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг илэрмэгц шинжилгээ өгөх бус дур мэдэн эм уух, улмаар халдварыг хүндэрсний дараа эрүүл мэндийн байгууллагат хандах тохиолдол цөөнгүй байгаа аж. Эмнэлгийн ачаалал их байгаатай холбоотойгоор тухайн сумд төрийн өмчийн байруудаа эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Жишээлбэл, Баяндэлгэр сум нийтийн ахуй үйлчилгээний байраа суллаж, ор дэлгэн эмнэлэг болгожээ.
Харин сүүлийн 24 цагт эрүүл мэндийн байгууллагаас 112 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжснээр нийт эдгэрэлт 3612 боллоо. Одоогоор аймгийн хэмжээнд нийт 2945 иргэн эрүүл мэндийн байгууллага болон гэрээр эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 39, төрсний дараах зургаа, 0-18 насны хүүхэд 171 байна. өөрөөр хэлбэл эрсдэлт бүлгийн иргэд халдварт өртөх эрсдэл буурахгүй, өссөн хэвээр байгааг ЭМГ-аас анхаарууллаа.