Намрын ногоон өдрүүд “Сүхбаатарт үйлдвэрлэв-2021” арга хэмжээ Баруун-Урт суманд болж байна. Уг арга хэмжээнд 11 сумын 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ орон нутгийн иргэдэд сурталчилан танилцуулж, мөн худалдан борлуулж байна.
12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, гурил гурилан бүтээгдэхүүн, эсгий, мод, гоёл чимэглэлийн гар урлал, үндэсний дээл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэн худалдааны дараа үйлдвэрлэл эрхлэгчдийг есөн номинациар шалгаруулах аж.
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүроээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний нээлтэд аймгийн удирдалгууд, зохион байгуулагч талууд болох Сүхбаатар аймаг дахь ХАҮТ, СХЗХ, ХААГ, МХГ, Сүхбаатар хөгжил ҮТП-ын төлөөллүүд оролцов. Мөн энэ үеэр худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төр болон салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм.