Монгол Улсын хошой аварга малчин өрхөөр шалгарсан Түвшинширээ сумын Өгөөмөр багийн малчин Жигмэдийн Хундаваа, гэргий Чулууны Дагвасүрэн нар шагналаа гардан авлаа. Ж.Хундаваагийнх 2021 оны жилийн эцсийн тооллогоор 100 гаруй толгой тэмээ тоолуулж, тэмээн сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлж байна. Ховордож буй тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч өдөр тутам уналга ачилгандаа хэрэглэж, ингээ тогтмол сааж цагаан идээг нь боловсруулдаг байна.
Аварга малчид 1960 оноос хойш тасралтгүй мал аж ахуйн салбарт тавь гаруй жил ажиллаж байна. Жил бүр малаа таван төрөл дээр нь өсгөж, удам дамжсан залуу малчдыг бэлтгэн зургаан хүүхдээ малчин болгожээ. Малчин хүн хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтад хүрч болдог гэж аварга малчин онцолж байлаа.Тэрээр Түвшинширээ сумаас тодорч буй хоёр дахь Улсын хошой аварга малчин юм.
Хошой аварга малчин өрхийн шагналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, ЗТЯ-ны дэд сайд Ж. Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга М.Идэрбат, Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс нутгийн удирдлагын хамт малчны хотонд нь очиж гардуулан өглөө.