Улиран одож буй үхэр жил Сүхбаатарчуудын хувьд ололт амжилт ихтэй, бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн онцлог жил байлаа. Сүхбаатар аймаг төдийгүй улсын хэмжээнд онцлохуйц үйл явдал ч олноор өрнөжээ. Эдгээрээс дараах 9 үйл явдлыг Sbinfo.mn сайт онцолж байна.
Аймгийн шилдэг багшийг шалгаруулж, хоёр өрөө байраар шагнав
“Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ-аас боловсролын салбарыг дэмжих, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан Шилдэг багш-2021 төслийг амжилттай зохион байгуулж, Сүхбаатар аймаг төдийгүй улсын хэмжээнд үнэлэгдсэн, үлгэр жишээ ажил байлаа. Сүхбаатар аймгийн 2021 оны шилдгийн шилдэг багшаар Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн технологийн багш Б.Энхнаран тодорч, цоо шинэ хоёр өрөө байраар шагнуулав. Энэхүү үйл ажиллагаа нь олон мянган багш нарт урам зориг, итгэл найдварыг өгсөн ажил болж чадсан юм. Мөн төслийн хүрээнд шилдэг захирал, сургалтын менежерийг шалгаруулж, тус бүр таван сая төгрөгөөр шагнасан. Шилдэг захирлаар Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал Ч.Алтаннавч, шилдэг сургалтын менежерээр Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Д.Уугансүрэн нар шалгарсан юм. Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас энэхүү уралдаанаа 2022 онд үргэлжлүүлэн зохион байгуулах аж.
Оны шилдэг уншигчийг шалгаруулав
Сүхбаатар аймгийн оны шилдэг уншигчийг шалгаруулах Судар эгшиглэн-2021 төслийг 10 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Энэ бол орон нутагт болсон анхны уралдаан байсан бөгөөд бүх насныхныг ном унших зөв дадалд уриалсан бас нэгэн онцлог ажил байлаа. Жилийн турш үргэлжилсэн уралдаанд 309 хүн хамрагдаж, нийт 1182 ширхэг ном уншиж, тэмдэглэл хөтөлжээ. Төслийн хамгийн бага оролцогч дөрвөн настай, хамгийн ахмад нь 74 настай уншигч байлаа. Уралдаан хоёр насны ангилалаар явагдсан бөгөөд хүүхдийн ангилалд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Б. Нандинцэцэг, насанд хүрэгчдийн ангилалд Сүхбаатар сум, хувиараа хөдөлмөр эрхлэгч И.Даваадулам тэргүүлэв. Судар эгшиглэн-2021 төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэсэн бөгөөд нийт 14 сая төгрөгийг зарцуулж, Соёлын яамнаас 4,5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн юм.
Сүхбаатар аймгийн төв тойрог замаар бүрэн холбогдлоо
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд тавдугаар тойргийн авто зам 2021 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон. Баруун-Урт сум 2009 онд таван км замтай байсан бол өнөөдөр 60 гаруй км замтай болж, аймгийн төвийг таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу сүүлийн тойрог замыг ийнхүү ашиглалтад оруулсан юм. Ингэснээр Сүхбаатар аймаг 21 аймгаас анх удаа тойрог замаар бүрэн холбогдлоо. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2020-2021 онд нийт 18,8 км авто замын байгууламж нэмэгдсэн. 2019-2021 онд улсын төсвийн 12,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн төвийн 4 дүгээр тойргийн 9,1 км , 5 дугаар тойргийн 5,65 км хатуу хучилттай автозам, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3,03 км хатуу хучилттай замыг орон нутгийн 715 сая төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан юм.
Оновчтой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд
Өнгөрсөн онд Сүхбаатар аймагт улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдсэн. Эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, соёл урлаг, дэд бүтэц гээд бүхий л салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудад иргэд сэтгэл хангалуун байна. Учир нь аймаг орон нутгийн хөгжил нэмэгдэхийн хэрээр иргэд аятай тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэж буй юм. Авто зам 18,8 киломтрээр, замын гэрэлтүүлэг 2 дахин нэмэгдэж, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгалын пункт шинээр баригдаж, эрүүл мэндийн салбарт 3,6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хийгдэж, соёлын төв, цэцэрлэг, дотуур байрны шинэ барилгууд, ажил мэргэжлийн баримжаа олгох мэдээллийн төвүүд ашиглалтад орж, алслагдсан газрын иргэд, малчид өндөр хурдны интернэд холбогдсон гээд үхэр жилийн онцлох ажил их бий.
Засаглалын үр ашгаараа улсад тэргүүлэв
Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн 175 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлдэг бөгөөд 2021 онд засаглалын үр ашгаараа Сүхбаатар аймаг тэргүүллээ. Үүнд засаглалын тогтвортой байдал, чадавх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт үүн дундаа цахим шилжилттэй холбоотой ажлыг орон нутагт маш амжилттай нэвтрүүлж буй зэрэг үзүүлэлт нөлөөлж буй.
Сүхбаатар нутгийн унаган хүү дэлхийн нэг номерын дуучин боллоо
Халзан сумын харьяат, дуурийн дуучин Э.Амартүвшин 2021 онд дэлхийн “ Шилдэг Баритон” дуучнаар шалгарч, улмаар тус онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнагдсан. Тэрээр Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалаж яваа монголынхоо бахархал болсон дэлхийн дуучин юм. Тэрээр 2004-2009 онд Соёл Урлагийн Их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлаган дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхлэж байжээ. Дэлхийн томоохон сонгодог урлагийн уралдаан тэмцээнүүдээс олон шагналыг хүртэж байсан бөгөөд 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.
Спортын салбарынхан дэлхийд нэрээ дуурсгав
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Чоно голын хүү Д.Батгэрэл холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д эх орныхоо нэрийг цууриатуулан Сүхбаатарчууд төдийгүй Монголчуудын уухайн түрлэгийг үргэлжлүүлж явна. Тал нутгийн хүү дэлхийн давцанд хэдийнээ “Талын шуурга” хочит хэмээн алдаршжээ. Түүний дараа дараагийн тулаан, ялалтын буухиаг үзэхийн хүлээдэг хүн олон болжээ. Дараагийн онцлох хүн бол хүндийг өргөлтийг олон улсын шүүгч Л.Одгэрэл. Түүний хувьд мөн Сүхбаатарын унаган хүүхэд. Тэрээр тив, дэлхийн олон тэмцээнд шүүгчээр ажилладаг бөгөөд 2020 оны Бээжингийн олимпод шүүгчээр ажилласан нь Сүхбаатар аймгийн спортын салбарынханы анхдагч үйл явц байсан юм. Үүнээс гадна өнгөрсөн жилд спортын олон төрөлд Сүхбаатар аймгаас улсын аварга, хошой аваргууд төрөн гарсан билээ.
Залуучуудын холбоо шилдгийн шилдгээр шалгарав
Монголын Залуучуудын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл 2021 оны ажлаараа улсад тэргүүлж, шилдгийн шилдэг холбоогоор шалгарав. Монголын залуучуудын байгууллага үүссэний түүхт 100 жилийн баярыг тэмдэглэсэн, Залуучууд хөгжлийн төвийг байгуулсан, Залуучуудын өдөртэй болсон, Сүхбаатар аймгийн салбар салбарын шилдэг залуучуудыг шалгаруулах Next step арга хэмжээг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хандивын болоод эерэг нөлөөллийн олон ажлуудыг орон нутагтаа зохион байгуулсан зэрэг шинэлэг ажлуудаараа ийнхүү шилдгээр шалгарсан юм.
Мал сүргийн тоо түүхэндээ анх удаа дөрвөн саяд хүрэв
Сүхбаатар аймаг 2021 оны жилийн эцсийн тооллогоор 4,2 сая мал тоолуулж, 80 жилийн түүхэнд анх удаа мал сүргийн тоо 4 саяд хүрэв. Үхэр жилд аймгийн мал сүргийн тоо таван төрөл дээрээ өсч, нийт мал сүргийнхээ тоогоор улсад тавдугаарт орж байгаа бол аймагтаа Баяндэлгэр сум хамгийн олон малыг тоолуулж бусад сумаа тэргүүллээ. Мөн Эрдэнэцагаан сум нийт адуугаараа Монгол улсын 330 сумыг тэргүүлж байна. Өнгөрсөн жилд аймгийн хүн ам 0,8 мянгаар өсч, Сүхбаатар аймаг 65,2 мянган хүн амтай боллоо.