Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМГИЙН МАН-ЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…

Сүхбаатар аймгийн МАН-ын 31 дүгээр бага хурал 2 дугаар сарын 26-нд боллоо. 13 сум 66 баг, Улаанбаатар хотоос гээд нийт 350 орчим төлөөлөгч оролцсон уг хурлаар намын 2021 оны ажил, цаашдын үйл ажиллагаа болон намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбаатар, З.Энхтөр, Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр болон МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд иржээ. Шат дараалсан сонгуулийн ялагдал, цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалан хойшлогдоод байсан тус хурал намыг гишүүд дэмжигчид төдийгүй иргэдийн хувьд ч хүлээлттэй байлаа. Учир нь хурлаас гарах шийдвэрүүд аймгийн МАН-ын болоод цаашлаад аймаг орон нутгийн улс төрийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол гэдэгтэй холбоотой учир анхаарлын төвд буй…

 

Мэдээж хурлын гол үйл явдал бол намын даргыг сонгох. ЗТХ-ийн дэд сайд, аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын дэд дарга Д.Амарбат, Улаанбаатар хот дахь Түвшинширээ сумын нутгийн зөвлөлийн дарга Л.Батжав нар шинэ даргад нэр дэвшжээ. Хурлын дүрмийн дагуу нэр дэвшүүлж, санал хураах зарчмаар даргаа сонгох ёстой ч төв намаас Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байж. Тиймээс намынхаа бодлого шийдвэрийг  хэрэгжүүлэх ёстой гээд нэр дэвшигч Д.Амарбат, Л.Батжав нар нэрээ татсанаар Ж.Бат-Эрдэнэ төлөөлөгчдийн 79 хувийн саналаар Сүхбаатар аймгийн МАН-ын даргаар улиран сонгогджээ. 2020 оны орон нутгийн сонгуульд намаа удирдаж орсноос хойш намын хорооны даргаар ажиллах болсон ч үүрэгт ажлаа хангалттай хийгээгүй, намын хороо, тэргүүлэгчдийн хурлыг нэг ч удаа хийгээгүй гэх шүүмжлэлийг сонссон. Тиймээс цаашид нэн тэргүүнд намын  дотоод эв нэгдлийг эрхэмлэж ажиллахаа тэрээр илэрхийлсэн.

Улаанбаатар хотод ажилладаг хүн намынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Энэ үүргийг дэд дарга гүйцэтгэнэ. Харин энэхүү үүргийг МАН-ын дэд дарга Д.Амарбат хүлээжээ. 31 дүгээр бага хурлаар намын дэд даргыг сонгох сонгуульд гурван хүн нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд Д.Амарбат ялалт байгуулжээ. Өмнө нь байх хугацаандаа хангалттай сайн ажиллаж чадаагүй гэх ч түүнд намынх нь нөхөд дахин итгэл үзүүлж, гурав байсан дэд даргын орон тоог нэг болгожээ. Өөрөөр хэлбэл цаашид бага орон тоотой, өргөн бүтэцтэйгээр намынхаа үйл ажиллагааг явуулахаар болсон байна.

Намын байр нь эзгүйрч, үйл ажиллагаа нь орхигдсон, гишүүд дэмжигчид иргэдтэйгээ эргэх холбоо байдаггүй, залуу боловсон хүчнээ дэмждэггүй, гишүүдээ ажлын байртай болоход анхаардаггүй, төрийн албанд байгаа цөөхөн хэдэн гишүүнээ хамгаалдаггүй, сөрөг хүчний ажлаа хийдэггүй, амласан амлалтаа биелүүлдэггүй, гишүүд дэмжигчдийг төрийн одон медаль, шагналд хамруулдаггүй, нам дотроо эв эе байдаггүй зэрэг хатуухан шүүмжлэлийг хурлын төлөөлөгчид хэлж байв. Бүр зарим нэг удирдлагынхаа нэрийг нь онож, нүүрийг нь улайтал шүүмжлэх хүн ч байсан юм.

Намын дарга, дэд даргаас гадна орон нутгийн намын хороонд нөлөө бүхий үүргийг гүйцэтгэдэг хүмүүс бол намын хороо, хяналтын хорооны гишүүн, тэргүүлэгчид байдаг. Тиймээс эдгээр гишүүдийг сонгохын тулд хурал ширүүхэн өрнөж, удаан явагджээ. 2 дугаар сарын 26-ны өглөө эхэлсэн хурал 27-ны өглөөний 06 цаг хүртэл үргэлжилсэн байна.  Ингээд 350 гаруй төлөөлөгчийн саналаар намын хорооны 102 гишүүн, тэргүүлэгч 21, хяналтын хорооны 11 гишүүнийг ч шинээр сонгожээ. Намын дарга Ж.Бат-Эрдэнэ хамтран ажиллах тэргүүлэгч 21 гишүүний нэрийг өөрөө оноож, төлөөлөгчдөдөө танилцуулжээ. Жендерийн асуудлыг хөндөж, заалнаас тэргүүлэгчид нэрээ дэвшүүлэх хүмүүс ч гарч ирснээр 35 хүн нэр дэвшиж, санал хураалтаар 21-ийг нь сонгожээ. МАН-ын өмнөх тэргүүлэгчдийн хувьд ихэнх нь Улаанбаатар хотод байдаг хүмүүс байсан бол энэ удаагийн хурлаар тэргүүлэгчдийнхээ ихэнхийг орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа гишүүдээрээ бүрдүүлжээ. Заавар, зөвлөгөө өгүүлэх зорилгоор ганц нэгэн ахмад гишүүнийг сонгосноос бусдаар дандаа залуучуудаа тэргүүлэгчиддээ оруулж ирсэн байна. Хуучин тэргүүлэгч байсан Р.Буд, С.Төмөрхуяг, М.Төмөрчулуун, Б.Мөнхгарьд нарын он удаан жилийн гишүүдээсээ салжээ. Ер нь хуучин бурхинуудаа шинэ залуу боловсон хүчнээр сэлбэх цаг нь хэдийн болоод байсан гэдгийн илрэл энэ удаагийнх нь хурлаар батлагджээ гэж хэлэхэд хилсдэхгүй.

Ямартай ч цаашид Сүхбаатар аймгийн МАН-ын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, ирэх сонгуулиудад намаа авч орох баг ийнхүү бүрджээ. Харин хяналтын хорооны даргыг төв намаас нь нэг сарын хугацаанд томилох аж.

Өдөр дамнан үргэлжилсэн хурлын олон олон шийдвэрүүдийн төгсгөлд тэд намынхаа ажлыг эрчимжүүлж, сэргээх хүрээнд 2022 оныг намын үйл ажиллагааг бэхжүүлэх жил болгон зарлажээ.

Сүхбаатар аймгийн МАН-ын өнгө ийнхүү тодорхойлогдлоо. Эрх баригч, сөрөг хүчин аль аль нь эн тэнцүү ажиллаж байж сая иргэдэд илүү тустай. Үүнийгээ ухамсарлаж, хурал дээрээ яриад өнгөрөх биш ярьснас ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг хүсье. Цаашид хэрхэх нь бас л хүлээлт…