Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, шинэ шатанд гаргах ажлыг хувийн хэвшлийнхэн санаачлан хийж байна. Тодруулбал, Улаанбаатар- Дарьганга чиглэлд ерөнхий зориулалтын агаарын хөлөг буюу бага оврын онгоц нисэж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Алтан овоо болон Шилийн богдыг зорих жуулчдад зориулж Шилийн богд жуулчны баазад түр аэродромыг байгуулж, эхний туршилтын нислэгийг амжилттай хийсэн байна.
Талын агуй Шилийн богдын орчинд нээсэн түр аэродром дээр захиалгат нислэгийг гүйцэтгэгч компани амжилттай хийлээ. Цаашид алслагдсан сумдад аеродромуудыг нээж ерөнхий зориулалтын агаарын хөлгүүд нисэх нөхцлийг бүрдүүлнэ. Сүхбаатар аймгийн аль ч сум мөн уул уурхайн компаниуд түр аэродромыг байгуулсан тохиолдолд хувийн авиа компаниуд захиалгат нислэгийг үйлдэх боломжтой гэж Баруун-Урт нисэх буудлын дарга Ж.Ганболд хэллээ.
Шилийн богдын түр эародромыг байгуулах зөвшөөрөгдсөн газарт тэмдэг тэмдэглэгээг хийж аюулгүй байдлыг хангах ажлыг тус жуулчны баазныхан хийжээ. Буух зурвасаа сайжруулахаас эхлээд бага багаар засаж тохижуулах зүйл байгаа тухай ярьж байлаа. Улмаар ИНЕГ-аас түр аэродромтой танилцаж, баталгаажуулах ажлыг хийх аж.
Дээрх нислэгийг Геосан ХХК хийж байгаа бөгөөд цаашид захиалгат нислэгүүдийг ч хийнэ. Жуулчдаас урьдчилж захиалга авах юм байна. Онгоцны тухайд есөн хүний суудалтай, далавчит онгоц бөгөөд цагт 300 км цагийн хурдтай ниснэ. Тухайлбал, Улаанбаатараас Сүхбаатар аймагруу хоёр цаг орчим нисээд ирнэ гэсэн үг. Дарьганга сум тэр дундаа Шилийн богд, Талын агуй бол Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын бүс нутаг. Жилийн дөрвөн улиралд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд жуулчид зорин ирдэг энэ чиглэлд онгоц нисдэг болсноор олон талын давуу тал бий болно гэж мэргэжлийнхэн харж байна.