Сүхбаатар аймагт “Sb street fashion-2022” арга хэмжээ анх удаа зохион байгуулагдлаа. Энэ бол бүх насныханд зориулсан чөлөөт арга хэмжээ бөгөөд оролцогчид өөрсдийн хүссэн хувцас, загвараар гоёхын зэрэгцээ залуучууд үндэсний хувцсаа орчин үеийн хэв маяг, загвартай хослуулан өмссөн нь олны харааг булааж байв.
Орчин үеийн залуусын хөгжил, соёлын чиг хандлагыг орон нутагтаа нэвтрүүлэхийг эрмэлзсэн энэхүү арга хэмжээг Алдар фото судийн санаачилгаар Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл, Сийлэнгоо групп, аймгийн Залуучуудын хөжлийн зөвлөл, Лонда салон, Чамбай, Хайртай брэнд, бусад төрийн болон хувийн хэвшлийн залуучуудын төлөөллүүд сайн дураараа нэгдэн зохион байгуулсан юм. Үйлчилгээ, үйл ажиллагаанууд нь шинэлэг байсны зэрэгцээ хүүхэд багачууд, оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн уг арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн гэрэл зурагчид нэгдэн оролцогчдын болоод үзэгчдийн санаатай болон санамсаргүй дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулган хадгалсан нь онцлог байсан юм. Мөн Open mic, загварын шоу, флаш моб, Street food зэрэг сонирхолтой үзвэр, үйлчилгээг нэг дор үзүүлсэн нь анхдагч байлаа.
Тодруулбал, орон нутагт хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хайртай, Чамбай брэндийн хамт олон үндэсний их баяр наадмыг угтан урласан дээл, хувцсаа олонд танилцуулж, залуучууд өөрийн хүсэлтээр тайзан дээр гарч ая дуугаа өргөж, хүүхэд залуус бусдад хайр түгээн бүжиглэж, гудамжны бүх төрлийн хүссэн түргэн хоол, амттанаа газар дээр нь хийлгэн шинэхэнээр нь амтлах боломжуудыг бүрдүүлжээ.
Анх удаагийн үйл ажиллагаа алдаа оноотой байсан ч оролцогчид сэтгэл хангалуун байлаа, ойр ойрхон зохион байгуулж байгаасай гэх хүмүүс ч байлаа. Учир нь орон нутагт шинэлэг арга хэмжээг нэвтрүүлж буй учир тэр. Ямартай ч нийслэлийн залуустай эн зэрэгцэн хөгжих, хүүхэд залууст өөрсдийгөө нээх боломжийг олгосон зохион байгуулагч залуустаа баярлалаа.
Т.Одончимэг
Зургийг: Гэрэл зурагчид