Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамтаар Сүхбаатар аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын ажлын хэсэгт Зам, тээврий хөжглийн сайд Л.Халтар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс багтжээ.
ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
Ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймаг дахь ажлаа Бичигт боомтоос эхлүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг энэ өдөр албан ёсоор эхлүүлэв. Нийт 415 километр үргэлжлэх төмөр зам гурван өртөө, 12 зөрлөгтэй, 7180 метр буюу 36 ширхэг гүүртэй байх аж. Бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд 3-5 жилийн хугацаанд баьж дуусгахаар төлөвлөжээ.Тус төмөр зам нь Монгол Улсын хэмжээнд төмөр замын хоёр дахь гарц болж байна. Нийт 415 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус боомтоос эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс далайд гарах гарц бий болох давуу талтай. Мөн Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая тонн ачаа экспортод гарах бүрдэж, тээврийн зардал 2-3 дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.
САЙД Ч.НОМИН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Соёлын сайд Ч.Номин Сүхбаатар аймгийн соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Төрөөс соёлын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашдын зорилтын талаар салбарынхандаа танилцуулахын зэрэгцээ аймгийн удирдлагууд болон соёлын байгууллагуудын дарга нартай уулзаж, санал солилцлоо. Тодруулбал, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Аймгийн Соёл, урлагийн газар, Жаахан шарга театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сангийн дарга нартай уулзаж, Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого, аймаг орон нутгийн соёлын хүртээмж, салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм.Аймгийн Соёл, урлагийн газар 2022 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Тус газрн харъяа 15 байгууллага бий.Жаахан шарга театрын тухайд барилгын их засварын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилсан бол Нийтийн номын сан, Угсаатны зүйн музейн хувьд шинэ барилгытай болох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Учир нь Нийтийн номын сан Жаахан шарга театрт байрлаж байгаа бол Угсаатны зүйн музей зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй барилгад үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Аймгийн ИТХ Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын яамны стратеги төлөвлөгөөний дагуу Соёл урлагийн хөгжлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм байна. Иймд Соёлын яамны бодлого, чиглэлийг сайтар дэмжин ажиллаж байгаа орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлж, соёлын байгууламж нь шинэ хуучнаас үл шалтгаалан соёлын үйлчилгээ, эрэлтийг бий болгох ёстой талаар санууллаа. Соёлын байгууллагуудын маань бүгд л байр савны асуудалтай байгаагаа хэлж байна. Аль ч салбарын хөрөнгө оруулалтын төсвийг батлуулах, нэмэгдүүлэхэд тодорхой төсөл, ТЭЗҮ хэрэгтэй тул хууль дүрмийн дагуу соёлын байгууламжуудын холбогдох зураг төслийг хийж дуусах ёстой. Ямартай ч ирэх оны төсөвт Угсаатны зүйн музейн барилгын хөрөнгийг тусгуулахын тулд хичээн ажиллана. Мөн энэ талаар тойргоос сонгогдсон гишүүдтэй хамтран хичээн ажиллах болно гэдгээ Соёлын сайд Ч.Номин хэллээ. Тэрээр ийн ажиллах үеэрээ салбарын зарим ажилчдыг яам болон Засгийн газрын шагналаар шагнаж урамшуулж байв.
ХАЛАМЖААС- ХӨДӨЛМӨРТ БОДЛОГЫГ САЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГААГ ОНЦЛОВ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, яамны харьяа байгууллага болох Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллав. Сүхбаатар аймгийн ХХҮГ Халамжаас-Хөдөлмөрт бодлогыг маш сайн хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.
Энэ оны эхэнд 676 өрхийн 3000 гаруй иргэн хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байсан бол хагас жилээр 407 өрхийн 1838 иргэн тус хөтөлбөрт хамрагдаж байна. Иргэдийг сургалтад хамруулж, түр болон байнгын ажилд зуучлах замаар ийнхүү хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдагсдын тоог бууруулжээ. Мөн энэ онд аймгийн хэмжээнд Наран, Түвшинширээ сумд хүнсний эрхийн бичиггүй сумд болсон. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Оролцоо төсөлд Сүхбаатар аймгаас 91 залуу хамрагдан, өдгөө 58 нь ажлын байртай болжээ. Тэдний нэг нь Хайртай брэндийг үүсгэн байгуулагч Г.Билэгмаа бөгөөд тэрээр өдгөө ажил олгогч болсон байна. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн борлуулах Баруун-Уртад үйлдвэрлэв дэлгүүрийг тогтмол ажиллуулж байна.
Нийгмийн даатгалын хэлтэс 2021 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн. Мөн олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байна. Энэ долоо хоногт шинээр киоск машиныг ашиглалтад оруулж байна. Ингэснээр үйлчилгээ, лавлагаа баримт авах, материал бүрдүүлэх жагсаалт, үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа, үнэлгээ өгөх боломжийг иргэдэд нээлттэй олгох юм. Аймгийн хэжмээнд НДШ-ийн буцаалтыг 10,1 мянган албан хаагчид олгох ажил өнгөрсөн долоо хоногоос эхлээд явж байна.
Аймгийн ГБХЗХГазар хүүхэд залуучуудын хөгжилд чиглэсэн үйл ажиллагаануудыг бодлогоор дэмжиж ажилладаг. Газар дэргэдээ үйлчилгээний том заалтай нь давуу талтай. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч, хохирогчийг түр хамгаалах байрыг энэ онд шинээр ашиглалтад оруулсан. Төрийн байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн өрөөтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй зэрэг онцлог ажлуудыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайшаалаа.
ОРОН НУТАГТ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖ МУУ БАЙГААГ ЗАЛУУС САНУУЛАВ
Сүхбаатар аймагт 30 орчим мянган залуу ажиллаж амьдарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн зауусын төлөөлөлтэй уулзаж Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, улс орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд залуус хэрхэн оролцох, ямар үүрэг гүйцэтгэх ёстой талаар санал солилцсон юм.Уулзалтад 150 гаруй залуу оролцож өөрсдийн саналаа илэрхийлж байлаа. Тэдний хувьд орон нутагт нийгмийн бүхий л түвшинд тэгш харилцаа байдаггүй. Тухайлбал, ажлын байрны олдоц хомс, хөдөлмөрийн үнэлэмж муу байгааг хэлж байна. үүнтэй холбоотойгоор төрийн албанд ажиллах залуусын хүсэл сонирхол, тоо буурсан гэдгийг ч тэд санууллаа.
Цаашид орон нутагт ажиллаж буй төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 2023 оноос дорвитой нэмнэ гэдгээ Ерөнхий сайд хэлсэн. Мөн шинэ сэргэлтийг шинэ үеийн залуус бий болгох хэрэгтэйг сануулж, хамгийн гол нь залуус оролцоогоо нэмэгдүүлж, хамтран хэлэлцдэг, хамтдаа шийдвэрлэдэг байхыг уриалж байлаа.
СҮХБААТАР АЙМАГТ 100 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд тус аймагт ажиллах хугацаандаа нийт 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга М.Идэрбатын таницуулсан дулааны станцын гадна шугам сүлжээ, хоёр дугаар хэлхээний өргөтгөл ДДТ- 8,9 тэрбум төгрөг, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих , Дарьганга хүүхдийн зуслангийн дуусгалтын үлдэгдэл хөрөнгө оруулалт буюу 11 тэрбум төгрөг, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газарт үйл ажиллагаа эрхлэх эрхийг орон нутагт олгох , Баруун-Урт Сүхбаатар сум чиглэлийн 61,9 км хатуу хучилттай автозам барих төслийг эхлүүлэх, Баруун-Уртаас зүүн урагш 3 км зайд байрлах Дунд уртад төвлөрсөн инежерийн шугам сүлжээг хийх зэрэг нэн шаардлагатай асуудлуудыг бүрэн шийдвэлэхээр болов. Эдгээр ажлын төсвийг 2023 оны улсын төсөвт суулгаж өгөхөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр амлалт өгсөн юм.
Ингэснээр Ерөнхий сайдын Сүхбаатар аймагт хийсэн ажлын айлчлал өндөр үр дүнтэй боллоо гэж орон нутгийн удирдлагууд дүгнэж байна.