Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН НЭЭЛТЭД ЭМЯ-НЫ ТНБД Ц.ЭРДЭМБИЛЭГ ОРОЛЦЛОО

Эрүүл мэндийг дэмжих төвийн албан ёсны нээлт өнөөдөр хийлээ. Улсын төсөв, ЭМЯ-ны 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар АНЭ-т байгуулагдсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношлогооны зориулалт бүхий энэхүү  төвийг өнгөрсөн 5 дугаар сард ашиглалтад оруулсан. Энэ хугацаанаас хойш тус төвөөр 1200 гаруй иргэн үйлчлүүлжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, аймгийн Засаг дарга М.Идэрбат, ЭМГ-ын дарга П.Болормаа, АНЭ-ийн дарга Д.Мөнхзул болон эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцож төвийн орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хүмүүсээс танилцуулга мэдээллийг авлаа.

Эрүүл мэндийг дэмжих төв нь 21 кабинетаар дамжуулан иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүх төрлийн үзлэг, оношлогоог хийж байна. Цаашид нүд болон чих хамрын нарийн хагалгааг орон нутагтаа нутагшуулах зорилтыг тавин ажиллаж буйгаа эмч нар тодотгон танилцуулаа. Мөн сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдснаар ажиллах нөхцөл бүрдсэн, иргэдийг үзэж оношлоход урамтай, ажлын бүтээмж үр дүн өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Урьдчилан сэргийлэх үзлэгт 18-45 насныхан илүү идэвхтэй хамрагдаж байна гэлээ. Үзлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоодны хавдрын хоёр тохиолдлыг шинээр илрүүлсэн. Иргэдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл өндөр байгааг АНЭ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нармандах хэллээ.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 65 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Улс, орон нутаг, төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тасралтгүй хийснээр тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж, чанар ч сайжирч буйг нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул онцлов.

2022 онд тус аймгийн эрүүл мэндийн салбарт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. үүний ихэнх буюу 3 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмжинд зориулагдсан бол үлдсэн хувь нь автомашины шинэчлэл, эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулагдсан байна.