Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЧУУЛГАНЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ БОЛСОН ГЭЖ ЗАЛУУС ДҮГНЭЖ БАЙНА

Сүхбаатар аймагт 300 залууг нэг дор чуулуулж ”Чөлөөт нийгэм – Залуусын хөгжил” сургалт, хэлэлцүүлгийг аймгийн Залуучуудын холбооноос зохион байгууллаа. Тус аймаг 65,1 мянган хүн амтай. Үүний 40,6 хувийг 45 хүртэлх насны залуус эзэлж байна. Сүхбаатар аймгийн 13 сумын төлөөлөл ирж оролцсон бөгөөд үнэхээр үр өгөөжтэй, залуусын оюунд хөрөнгө оруулалт хийж чадсан чуулган болсныг хэлж байна. нийгэм цаг үеийн холбогдолтой чухал сэдвүүдээр илтгэл мэдээлэл сонсож, нээлттэй харилцан ярилцаж, санал солилцсон нь тэдэнд урам зориг, итгэл найдварыг өгч чадсан гэв.

Залуучуудын холбоо үйл ажиллагаа идэвхжүүлж, залуусруу чиглэсэн олон ажил арга хэмжээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлснээр залуусын оролцоо сайжирсан. Нийгмийн бүхий л салбарт залуус хүч түрэн орж ирж байна. Тиймээс залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг илүү сайжруулах харилцан бие биенээсээ туршлага судлах шаардлага бий болж байна гэдгийг аймгийн Залуучуудын холбооны дарга Ц.Өлзийжргал хэллээ. Чуулганд
Чуулганыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо, Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж, хуульч, хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, Жонан Ханчин гэгээнтэн, УИХ-ын гишүүд, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар илтгэл тавьж, “Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд”, “Залуусын хөгжил-Мөрөөдөл” сэдэвт илтгэл хэлэлцүүлгийг зохион байгуулж, залуус болон зочин оролцогчид харилцан үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцсон юм.

Чөлөөт нийгэмд залуус эрх чөлөөтэй, хөгжил, оролцоотой байх нь нийгмийнхээ хөгжил дэвшлийн суурь нь болж өгдөг. Тиймээс ч миний бие залуус аливаад, соргог ханддаг байгаасай, үзэл бодлын хувьд төлөвшсөн, үнэт зүйлээ тодорхойлсон, өөрт байгаа эрх, эрх чөлөөгөө мэддэг, хамгаалдаг, хариуцлагатай иргэн байгаасай гэж хүсэж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь илтгэлийн өмнөх үгэндээ онцлов.

Аймгийн засаг арга М.Идэрбат “Сүхбаатар аймаг – 2030” хөгжлийн чиг хандлага сэдэвт илтгэл танилцууллаа. Ирээдүйд Сүхбаатар аймаг аюулгүй, амар тайван, байгальд ээлтэй ногоон хот болно. Хороолол бүхэндээ цэцэрлэгт хүрээлэнтэй байхаар төлөвлөлт хийгдэж байна. Бичигт боомтын хэтийн хөгжил, төмөр зам зэрэг том төслүүд хэрэгжих шатандаа явж байна. Ирээдүйд гадаад харилцаа тэлж, хөгжиж Сүхбаатар аймгаар төмөр зам дамжин өнгөрч эдийн засаг бүх түвшинд нэмэгдэх боломж бүрдэх талаар тэрээр дурдсан. Гагцхүү орон нутгийн хөгжил урагшилж шат ахих тусам залуусын идэвх оролцоо сайжирч, залуус шинэ үеээ бүтээх ёстой гэдгийг захиж байв. Залуус ч аймаг орон нутаг жилээс жилд хөгжиж байгааг сайшаан онцлоод цаашид залуучуудын ажлын байр, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, халамжаас илүүтэй чалаатэй ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, төр, хууль хяналтын байгууллагаас үзүүлдэг дарамт шахалтыг багасгахыг хүсэж байлаа.