Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн сурагчид өглөөний 7-8 цагийн хооронд ном уншиж хэвшжээ. Өглөөний уншлагад бага, дунд ангийн сурагчид хамрагддаг бөгөөд дуртай номоо уншиж, тэмдэглэл хөтөлж, харилцан яриа өрнүүлж зарим үед гэрийн даалгавраа хийн хичээлээ давтдаг байна.
Дөрөвдүгээр сургууль 45 бүлэг, 1500 гаруй сурагчтай. Сурагчдын тоо эрс нэмэгдэж, ачаалал ихэссэнтэй холбоотойгоор тус сургууль гурван ээлжээр хичээллэх болжээ. Мөн анги танхимын хүрэлцээгүйгээс болж номын сангаас эхлээд бүхий л өрөө тасалгаануудаа анги болгосон байна. Хэдийгээр номын сангүй болсон ч сурагчдадаа үйлчлэх үүднээс номын санч М.Адъяа уг өглөөний уншлагыг санаачлан 9 дүгээр сараас хойш тогтмол явуулж байна. Одоогоор нийт 600 орчим хүүхдийг хамруулжээ.
Өнгөрсөн хавар сурагчдаас судалгаа авахад номын сангийн үйлчилгээ хамгийн их хэрэгтэй байгааг хэлсэн байсан. Өглөө болгон тогтсон цагтаа цуглаад хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон үйл ажиллагааг явуулдаг. Сурагчид ч маш их дуртай байгаа. Ялангуяа бага ангийнхан 6 өнгөрөөгөөд л сургууль дээр ирчихсэн хүлээж байдаг. цаашид уншлагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ явуулын номын сангийн үйлчилгээ болон гэрээр ном олгох замаар үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн гэж сургуулийн номын санч М.Адъяа хэллээ.