Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ…

Тус аймгийн нийт нутгийн 70 хувьд өвөлжилт хүндэрч эхлээд байна. Халзан, Түмэнцогт сум цагаанаар зудархуу, Асгат сум цагаан зудтай байгаа бол зүүн урд болон урд талын сумдад зунжлага тааруу байсантай холбоотойгоор тус сумд цасан бүрхүүлтэй, малчид отор нүүдэл их хийж байна.

Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт сумдад өвөлжилт хэвийн байна.

Сүхбаатар аймагт энэ жил 8,6 мянган малчин өрхийн 4,6 сая мал өвөлжилж хаваржина. Өөр аймаг сумаас мал отроор орж ирээгүй. Харин тус аймгийн 23 малчин өрхийн 15 мянган оричм толгой мал хил залгаа аймаг сумдын нутагт өвөлжиж байна.

Оны сүүлээс жижиг малууд дороосоо тэжээлд орж эхэлсэн, цаашид тэжээлд орох малын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Харин одоогоор малын хорогдол харьцангуй гайгүй байна гэж аймгийн ХААГ-аас мэдээллээ.

Өвсний үнэ нэмэгдэж 10-12 мянгад хүрчээ

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу энэ өвөл аймаг, сумдын хэмжээнд аюулгүйн нөөцийг хангалттай буюу бүгд 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн. Өвс тэжээлийн хомсдол үүсэхгүй ч нөөц багассан. Харин өвсний үнэ нэмэгдэж, харьцангуй өндөр болж байна. Шинэ өвс 10-12 мянган төгрөгийн ханштай байгаа бол өнжсөн өвс 5-8 мянган төгрөг байна. Ийнхүү өвсний үнэ урьд жилүүдээс өндөр байгаа нь малчдад хүндрэлтэй байна. Тарга хүч муутай мал нь үнэд хүрэхгүй, дэмий амины гарз болж, өвс тэжээлээ худалдан авах хүчин чадал муу байгаа тухайн малчид ярьж байна.

Одоогоор аймаг, сумдын нөөцөөс нийт 400 гаруй тонн өвс, 100 тонн тэжээлийг малчдад хямдралтай үнээр гаргаад байна. Мөн аюулгүйн нөөцөд байсан өнжсөн өвсийг Засаг даргын захирамжаар малчдад хамгийн доод үнэ буюу 3000 төгрөгөөр борлуулаад дуусчээ.

Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 60 тонн тэмжээл бэлтгэхээс Сүхбаатар аймаг 250 тонн өвс, 60 тонн тэжээл нөөцөлсөн. Сумд ч мөн зохих хэмжээнд бэлтгэсэн бо малчид 15 мянган тонн өвсийг бэлтгэжээ.