Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАРЬГАНГА ЯСТАН БҮРЭЛДСЭН ТҮҮХ

Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутгийн зүүн өмнө хэсгийн зургаан суманд оршин суух бөгөөд анхны нутагласан газар болох Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн юм.

Дарьганга хүмүүс нь 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар халх, цахар, ойрадаас хүдэр чийрэг мал маллагаанд гаргууд хүмүүсийг татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Эдгээр хүмүүс олон жилийн турш холилдон уусч өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл буюу хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг эд материал соёлын талаар бага зэргийн өвөрмөц ялгааг бий болгосон учир өөр нэг ястан гэж авч үзэх болжээ. Хэлний хувьд халх монгол аялгаас бараг ялгагдахгүй ч зарим үг хэллэг нь өвөрмөц.

Хуучин Дарьгангын сүрэгчин нь Бухын ширээтээс Харцав хүртэлх газар буюу Сүхбаатар аймгийн Онгон, Халзан сумдын зааг Ноён хөндий, Лонгийн чулуугаар нутаглаж байсан баруун гар адуучин, Ухаандайн салаанаас Харгилтай хүртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглах зүүн гар адуучин,

Хөшөө цагаан хөөврөөс Төгрөг жирэм Аргалын уул хүртэл Баяндэлгэр сумын нутаг Дөхөм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглах баруун гар тэмээчин, Сэвхүүл, Баянбулагаас Жингэр цагаан тэмээт, Өөш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Төвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бүхий говирхог газраар нутагладаг зүүн агр тэмээчин, Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруунбулаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дөхөм бригадын нутгаар суух Хоньчин гэх таван гар болж байв.

Дарьгангын сүрэгчин нь Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар Төвлүүлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сүхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ. Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр суманд Дарьгангачуул оршин сууж байна. Тэд мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар алдартай билээ. Мөн хүн чулуун хөшөөд, алдарт хуурчид, шилийн сайн эрс цөм Дарьгангынх.

Шилийн сайн эрчүүдийн өлгий

XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол “Сайн эр” болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Хошуу, Орлой шар, Хангай Базар, Хавчиг Саарай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор чоно Ч.Лампиран, Исгэрдэг Л.Дамба, С. нуггийн ард олондоо домогт баатар болсон олон сайн эрчүүд байжээ.

Тухайлбал, Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар, Бух нэйрэн Жанцан, Цоохор Осор, Элбэг, Төгөө гээд олон сайн эрсийг нэрлэж болох билээ. Эдгээр шилийн сайн эрсийн түүх гарал тун сонин. Тэдний ихэнх нь Манжийн эзэн хааны сүрэгчид байсан Дарьганга нуггаас төрж гарсан байдаг Дарьгангад “Шилийн сайн эр” болоход заавал Шилийн Богд ууланд гарч тангараг өргөх ёс, алдартай сайн эрийг дагалдаж суралцах, сайн эрийн цол чимэгтэй байсан, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ард олонд түгээн өгөх зэрэг тогтсон ёс журам үйлчилж байсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн нэг өвөрмөи заншил байсныг тодорхой харуулж байна. Шилийн сайн эрсийн тэмцэл, үйл ажиллагааны үр дүнд Хятадаас Монголд нэвтрэх гэж байсан хар тамхины наймаа. сүлжээ таслагдсан байна. Тухайлбал, 1908 онд Манжийн засгийн газраас албан ёсны судалгаа гаргахад 1895-1908 он хүртэл 1350-иад Манж, Хятад худалдаачид ямар нэгэн хэмжээгээр сайн эрсийн халдлагад өртсөн гэсэн тоо гарчээ. Энэ бол дээрх манж, хятадын худалдаачдын зөөж явсан хар тамхи “Сайн эрс-ийн гарт орж үгүй болсон юм. Шилийн сайн эрчүүдийг төрийн бодлого үйл ажиллагаанд ашиглаж байсан зарим баримт мэдээ байдаг. Тухайлбал, 1930 оны үед Дотоод Явдлын Яамнаас “эсэргүү гэгдсэн “Хөх Ханд”-ыг орогнож буй өвөр монголоос барьж устгаад толгой нь авч ирэх даалгаврыг Дарьгангын шилийн сайн эр Богино Чилхаад итгэл хүлээлгэж явуулан гүйцэлдүүлж байсан гэдэг. Энэ мэтчилэн төрөөс гадаадын тагнуулын үйл ажиллагаанд “Шилийн сайн эр” чүүдийг ашиглаж байжээ.