Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ТҮЙМРИЙН ХЭРГЭЭР ДӨРВӨН ИРГЭНД ШҮҮХЭЭС ЯЛ ШИЙТГЭЛ ОНООЖ БАЙЖЭЭ

Сүүлийн таван жилийн байдлаар Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан Ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг дөрвийг шийдвэрлэсэн байна. Тус хэрэгт холбогдогчдын гурван этгээдийг тэнсэх ялаар шийтгэж, нэг этгээдийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөжээ.

Эдгээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь иргэдээс гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны буюу тамхийг бүрэн унтраалгүй хаях, халуун үнс, нурам ил задгай асгах, хог шатаах, өөр бусад зориулалтаар асаасан галыг бүрэн унтраагүй улмаас, оч баригчгүй автомашин жолоодсоноос яндангаас оч үсрэх, намрын цагт хуурайшилтай хадлангийн үед хадуурын ир нь чулуутай хавиралдаж улмаар оч үсэрнээс гал гарч хээрийн түймэр тавьсан нь тогтоогдсон байна. Үүний улмаас байгаль орчинд нийт 634 мянган төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурав дахин нэмэгдүүлэн, Монгол Улсын Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгон оруулдаг байна.

Түймрийн гэмт хэрэг нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие мах бодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг аж. Уг гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульд заажээ.