Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА             

Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган Баруун-Урт хотод эхэллээ. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын засаг дарга нар, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид оролцож байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах нь энэ удаагийн чуулганы гол зорилго юм.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр чуулганы нээж хэлсэн үгэндээ, тэртээх 2010 онд одоогоос 13 жилийн өмнө бид Сүхбаатар аймаг хөрөнгө оруулалтын чуулганыг нийслэл Улаанбаатар хотод Чингис зочид буудлын танхимд зохион байгуулж байсан. Миний бие тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчийн хувиар, тус чуулганд бэлдэж ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан. Тэрхүү чуулган дээр олон чухал зорилгтуудыг бид дэвшүүлэн тавьж, хөгжлийн тухай олон яриа хэлэлцээрүүд хийгдэж, ач холбогдолтой олон санал санаачлагууд гарч байсыг хэлэхэд таатай байна. Гэхдээ өнгөрсөн чуулган дээр яригдаж байсан олон асуудлууд одоо ч шийдлээ хүлээж, тодорхой ахиц дэвшилд хүрч чадахгүй байсаар байгааг энд бас хэлмээр байна. Өнөөдөр харин энэ ажлуудын шийдэл, шинэ гарц болоод боломжийн тухайд бид ахин нэг ярилцахаар энд цуглаад байна. Өмнөх чуулганыг бодвол нөцхөл байдлын хувьд илүү тааламжтай үед энэ удаагийн чуулган болж байна гэж хэлэх бүрэн үндэс байгаа. Орон нутаг болоод улс орны эдийн засаг тэр үеийг бодвол үлэмж тэлсэн байна. Тухайн үед 1,8 сая малтай байсан Сүхбаатар аймаг өнөөдөр 4,6 сая малтай олж Монгол Улсын хамгийн олон малтай таван аймгийн нэг болжээ. Өмнөх чуулган дээр тухайн үеийн аймгийн засаг дарга, эх орныхоо зүүн өмнөд хязгаарт аж төрөн суугаа 52 мянган Сүхбаатаруудынхаа өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байнаа гэж илтгэлээ эхэлж байсныг тодхон санаж байна. Харин өнөөдөр 65 мянган Сүхбаатарчуудын нийслэл болсон Баруун-Урт хотноо ээлжит чуулганаа эхлүүлж байна. Энэ хугацаанд хүн ам маань даруй 28,5 хувиар өсчээ. Өмнөх жилүүдэд холын хүсэл мөрөөдлийн хэмжээнд яригдаж байсан төмөр зам, хүнд даацын авто замын ажлууд өнөөдөр бодит ажил болж гүйцэтгэгчээр нь шалгарсан пүүс компаниуд хийх гэж байгаа ажлаа танилцуулах ийм цаг дор энэхүү чуулган болж байна. Анхны чуулган Сүхбаатар аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд олон чухал хувь нэмэр оруулсан шиг энэ удаагийн чуулга уулзалт аймаг орны хөгжил дэвшил ард иргэдийн маань амьдралын түвшингийн өсөлт өөрчлөлтөд үлэмж нөлөөлсөн чухал шийдвэр санаачлагууд гарсан томоохон үйл ажиаллагаа болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Чуулган аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүд болон холбогдох албаны хүмүүсийн илтгэлээр үргэлжилнэ.