Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын яамнаас улс орон даяар хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт 2023” аян Сүхбаатар аймагт нээлтээ хийлээ. Энэ хүрээнд соёлын салбарын залуучуудын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийх, Үндэсний өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч Баруун-Урт сумын хоёрдугаар сургуультай танилцах, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилчдыг чадавхжуулах, иргэдэд зориулсан илтгэл тавих зэрэг үйл ажиллагаанууд боллоо.
Нээлтэд Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын баг оролцсон юм. Мөн Улсын хүүхэд залуучуудын театр, ДБЭТ, Дорнод аймгийн хөгжимт драмын театр хамтран ажиллаж, орон нутгийн иргэдэд сонгодог урлагийн гайхамшгаас мэдрүүлсэн нь онцлог байлаа. Иргэд ч урлагийн багийн хамт олныг халуун алга ташилтаар угтан авч байв.
Сүхбаатар аймагт Халх, Үзэмчин, Дарьганга угсаатнууд ажиллаж амьдардаг. Эдгээр үндэстний онцлог, ялгаа түүнтэй холбоотой соёлын өвийг хадгалж, хөгжүүлэх нь нэн чухал болоод буй. Цаашлаад үүгээр дамжуулан соёлын аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх бүрэн боломж бий гэдгийг тодотголоо.
Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ, яамны бодлогын нэг томоохон зорилго бол соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Орон нутаг болгонд нийгэм, соёлын ялгаатай талууд бий. Үүнийгээ хөгжүүлж чадвал аялагчдын сонирхлыг татах маш том нөөц бий. Сүхбаатар аймгийн хувьд дотоодын аялал жуулчлал түлхүү хөгжсөн газар. Байгалийн онцлог байдал, хүмүүсийн итгэл бишрэлд түшиглэсэн дотоодын аялал жуулчлалаа илүү хөгжүүлэх замаар үндэстний онцлог хэв шинжийг харуулсан, соёл агуулгыг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх нь туйлаас чухал байна гэв.
Улс орны хөгжлийн түвшин дэх цаг үеээ олсон ажлын нэг бол энэхүү Соёлын сэргэлт аян гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн онцлогийг илэрхийлсэн, соёлын өв дээр суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд илүү анхаарч нарийн тооцоо, судалгаатай ажиллана. Сүхбаатар аймгийн хувьд угсаатны ялгаатай байдал бол гол онцлог. Үүнийгээ илүү давуу тал болгон, нэмүү өртөг шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх боломжтой. Энэ талруу бид бодлогын баримт бичгээ чиглүүлнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр аймаг орон нутгийн эдийн засагт эерэгээр нөлөөлөх, цаашлаад орон нутгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Бид орон нутгийн онцлогоо илтгэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн туршлагатай. Жишээлбэл адууны өв соёлыг харуулсан Агтана хүрээт фестивал, Дарьганга өв соёлоо сурталчилсан Ганга нуурын чуулган зэрэг томоохон эвент арга хэмжээнүүдээ сэргээх, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулах замаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Мөн энэхүү аяны хүрээнд соёл урлагийн байгууллагын үйл ажилагааны үнэ цэнийг мэдрүүлэх, салбарын ажилтнуудын ажлын бүтээмжийг олон нийтэд эерэгээр танилцуулах ажлыг хийнэ гэдгийг Сүхбаатар аймгийн Соёл, Урлагийн газрын дарга Х.Эрдэнэдэлгэр хэллээ.
Соёлын сэргэлт 2023 аяны хүрээнд аймгийн Соёл, Урлагийн газрынхан бүх суманд ажиллаж, албан ёсоор нээлтийг хийнэ. Тодруулбал, 5 дугаар сарын 29-нд Түмэнцогт сумаас эхжлэ, Мөнххаан суманд хаалтаа хийх аж. Энэ үеэр бүх нийтийн соёлын боловсролын тэгш хүртээмжийг дээшлүүлэх, алслагдсан сум, багийн иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх, соёл урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.