Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАЙШИНТЫН ХИЙДИЙГ ДАХИН СЭРГЭЭЖ БАЙНА

Хуучин цагт бурхны томоохон төв суурин байсан гэгддэг Байшинтын хийдийг нутгийн иргэд санаачлагаараа дахин сэргээж байна. Социализмын үед хийдийг нурааж, буян номын ажлыг тасалдуулсан ч энэ цаг үед хийдийг сэргээх ажлыг н.Давхайн үр хүүхдүүд болон Идга дацангийн унзад лам Д.Амарсайхан үрэгжлүүлж буй. Энэ хүрээнд хийдэд нэгэн шинэ дуганыг байгуулж, өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн зон олны хамтаар өндөр үүдийг нь нээжээ. 

ТҮҮХИЙГ СӨХВӨЛ…

Байшинтийн хийд нь Сүхбаатар аймгийн хуучнаар Хонгор сумын нутагт тэнгэр тэтгэсний зургаадугаар он буюу 1741 онд анх суурь нь тавигдсан түүхтэй.

Мянга орчим лам хуварга шавилан суусан байшинтын хийд нь Сүхбаатар аймгийн хамгийн нам дор цэг нь байжээ. Гучин хэдэн оны их хэлмэгдүүлэлтэд Байшинтын хийд өртөж устан үгүй болж, тэнд шинээр нүүдэллэн ирж суурьшсан дивиз нь “Байшинтын дивиз” нэрээр түүхэнд үлдсэн байдаг. 1937 онд Байшинтын дивизэд гэдэсний халдварт өвчин гарч олон цэрэг цаг бусаар нас барсан байна. Түүхийн баримтад үхсэн цэргийн тоог 700 гэж тэмдэглэсэн байна. Үхсэн цэргүүдийг эхлээд үхэр тэргээр зөөвөрлөн ухаа овоотын баруун урд энгэрт нүх ухаж оршуулдаг байснаа сүүлдээ гуу жалганд бөөнөөр нь ил задгай тавьдаг болжээ. Үүнээс хойш нутгийн иргэд намхан бор толгодыг “982-ын энгэр” хэмээн нэрлэх болжээ.
Улмаар 1990-ээд онд цэргүүдийн үхлийн тухай хэд хэдэн материал сонинд нийтлэгдэж, тэнд цэргийн алба хааж байсан ахмад дайчдын ярилцлага гарсанаар олныг хамарсан эмгэнэлт үйл явдал түмэнд ил болсон байна.

Байшинтын долдугаар дивиз 1945 оны чөлөөлөх дайны дараагаар татан буугдаж дивизийн суурин дээр хонгор сум нүүдэллэн ирж суурьшсан байдаг.

“Ухаа овоот” буюу 982 дугаар өндөрлөгийн баруун доогуур одоо ч оков, шуудуу, нүхэн земеланк олон байдгийн ул мөр нь чөлөөлөх дайны өмнө тэр нутагт орос цэргийн анги байрлаж байсныг илтгэнэ.