Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсрол төвийн боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагддаг суралцагчид өнгөрсөн сараас үдийн цай уудаг болсон. Тэд одоогоор 8-9 төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Үүнтэй холбоотойгоор тус төвөөс суралцагчдынхаа эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгийг хийж, хүүхдүүдийнх нь идэж, хэрэглэж буй хоол хүнсийг танилцуулан амталгаа хийлгэжээ. Хүүхдүүд ингэж үдийн цай уудаг болсноор хичээлдээ явах маш дуртай болсон, хичээл сургалтад нь ч ахиц гарч байгаа гэдгийг эцэг эхчүүд нь хэлж байв.
НТБТ нь одоогоор ажилчдынхаа амралтын өрөөг гал тогооны зориулалтаар ашиглаж, үдийн цайны норм, стандартыг барьж хөтөлбөрөөр зөвшөөрөгдсөн хоол хүнсийг жорын дагуу хийж олгож буй гэдгийг төвийн захирал М.Энэбиш хэллээ.
Тус төвд 17 суралцагч хамрагддагаас одоогоор 12 нь танхимаар тав нь гэрээрээ хамрагдан суралцаж байгаа аж.