Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

Тус аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгааг аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Өнгөрсөн онд энэ төрлийн 869 тохиолдол бүртгэгдэн шалгагдсан нь нийт шалгагдсан зөрчлийн 30,7 хувийг эзэлж байна. Эдгээрээс 625 хүн жолоодох эрхээ нэг жилээр хасуулж, дөрвөн зуун мянган төгрөгөөр торгуулсан бол 215 нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул 7-30 хоногийн хугацаагаар баривчлагдсан байна.

Харин энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 тохиолдол бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны  улмаас зам тээврийн осол гарч, өнгөрсөн онд нийт 11 иргэн амиа алдсаны тав нь бага насны хүүхэд байна.

Зөрчлийн тухай болон эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял, шийтгэл өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл энэ оны нэгдүгээн сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй хуулиар согтуу жолоочид хүлээлгэх хариуцлага нь илүү чангарсан гэж болно. Тиймээс иргэд, жолооч нарыг мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тэврийн хэрэгсэл жолоодохгүй байх, удахгүй болох Монгол түмний уламжлалт сар шинийн баяраа архигүй тэмдэглэхийг Прокурорын газраас анхаарууллаа.