Онгоц нисч, машин давхин, хөхөө донгодож, хөгжмийн аялгуунд бүжиг эргэсэн хүний дүрс бүхий нэгэн жижиг хайрцаг аймгийн Угсаатны зүйн музейн сор үзмэрүүдийн нэг болон хадгалагдан олны хүртээл болсоор буй.
Үүнийг ухааны увидас, гарын ур дүйгээрээ урлан бүтээсэн хүн нь Ө.Яринпил юм. Тэрбээр 1882 онд Түвшинширээ сумын нутагт ядуу ард Өлзийтийн гуравдугаар хүү болж төржээ.
Ө.Яринпил нь оньсон түлхүүртэй хөөрөгт хайрцгаар хөгжмийн аялгуу болон мал адгуус, шувуу, нисэх онгоц, машины дуу чимээг гаргаж, уг загвараа зохих хөдөлгөөнд оруулж чаддаг байснаас гадна алт, мөнгө, шил, төмрөөр чамин хийцтэй эдлэл хийдэг хосгүй уран хүн байжээ. Янз бүрийн эгшигт хайрцаг хийхдээ цагны баадуу, арааг ашиглан хөдөлгөөн бий болгож, нимгэн илгэн хөөрөг тавьснаар дуу чимээ үүсгэдэг нь түүний онцгой ур чадварын илрэл байжээ.
Машины дугуй ашиглан бүхээг, зөөлөн суудал бүхий модон тэрэг хийж, дугуйн эргэлтийн голд тоолуур /спидометр/ суурилуулснаар хэдий хэмжээний замыг туулснаа төвөггүйхэн мэддэг байна. Ө.Яринпил тэрхүү тэргээрээ аймгийн арван жилийн ойн баяр наадамд /1943 онд/ хүрэлцэн ирж олны сонирхол ,анхаарлыг татаж байсан гэдэг ам дамжсан яриа бий. Түүний охин Я.Лхамсүрэн “Аав минь цаасан дээр зураг төсөл гаргаад суудаггүй байсан. Бодвол хийж буй зүйлээ толгойдоо урьдчилан бодож төлөвлөдөг байсан биз. Олон дахин задалж угсарч байхыг нь ч хараагүй. Намайг бага байхад оньсон хөдөлгүүртэй янз бүрийн тоглоом хийж өгдөг байсан даа” гэж хуучилж байсан гэдэг.
“Боль.боль” гэж дуугардаг домбо, бяслагаар хийсэн арслан, хоточ нохой гээд олон зүйлийг хийж бүтээж нутаг усандаа “Уран Яримпил” хэмээн алдаршжээ.