Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн “Үйлдвэрлэгч аймаг болцгооё” уриан дор болж байна

Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчдийн долоодугаар зөвлөгөөн “Үйлдвэрлэгч аймаг болцгооё” уриан дор Баруун-Урт суманд болж байна.

Ээлжит зөвлөгөөнд найман сумын 100 орчим төлөөлөгч оролцож байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хөнгөлөлттэй зээлд хамрагдах, ажлын байрны хүртээмж, ажиллах хүчний хомсдол зэрэг тулгамдаж буй нийтлэг асуудал байдгийг хэлж байна. Тухайлбал, ОНХС-ийн зээлд хамрагдах иргэдэд тавьж буй шаардлага нь хэт өндөр, өөрөөр хэлбэл жижиг дунд болоод гарааны бизнес эрхлэгчид түүнийг нь хангах боломжгүй байдгийг ихэнх оролцогч тодотголоо. Мөн өнгөрсөн жилүүдэд зээл аваад төлөөгүй иргэдийг нэн даруй олж тогтоон зээлийг нь эргэн төлүүлж, дараа дараагийн бизнес эрхлэгчдэд боломж олгох нь зөв гэдгээ илэрхийлж байв.

Өмнөх зөвлөгөөнүүд зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд болдог байсан бол энэ удаад худалдаа үйлчилгээ эрхлэгч, үйлдвэрлэгчид бүгд хамрагдаж, хамгийн гол нь төр, ТББ, бизнес эрхлэгчид нэгдэж чадсан гэдгээрээ онцлог. Хамгийн гол нь шат шатны хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагыг аймаг орон нутгийн удирдлагуудад уламжилж нэн тэргүүнд хэрэгжих боломжтойг нь ажил хэрэг болгохын төлөө талууд хамтдаа зүтгэнэ, шаардлагаа тавина. Тэгж байж бид үр дүнд хүрэх учиртай. Нөгөө талаар улс орон нутгаас үзүүлж буй дэмжлэгээс гадна өөрсдөө хөрөнгө оруулалтыг татахын тулд хэрхэн санаалагатай байх вэ гэдэг арга замыг хамтдаа эрэлж байна. Бидний хувьд давуу тал бий. Сүхбаатар аймаг улсын хэжмээнд анх удаа ЖДҮ-ийг кластераар хөгжүүлэх бүрэн судалгааг гурван жилийн хугацаанд хийж, боловсруулсан. 18 ААНБ-ыг судалгаанд хамруулж, цаашид барьж ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлсон. Тиймээс асуудлаа хэлэлцээд, гарц гаргалгаагаа судалгаандаа тулгуурлаад шийдвэрлүүлэхийн төлөө явах нь хамгийн том үр дүн гэж Сүхбаатар хөгжил ҮТП-ын захиарл О.Батсайхан хэллээ.

Аймгийн нийгэм эдийн засгийг дэмжих сэргээх, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцыг ээлжит зөвлөгөөнөөр хэлэлцэж байна.

Сүхбаатар аймагт ЖДҮ, өрхийн  үйлдвэрлэгч иргэн ААНБ 300 гаруй, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй, үйлчилгээний чиглэлийнх мөн тооны байдаг.

Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнөөр суралт хэлэлцүүлэг, урлаг, спортын арга хэжмээнүүд болох бөгөөд хоёр хоног үргэлжилнэ.