Сүхбаатар аймгийн 16 ЕБС-д англи хэлний багш 55 бий. Тэдний нэг бол Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн англи хэлний багш Х.Гэрэлчимэг. Тэрбээр боловсролын салбарт арав дахь жилдээ ажиллаж буй бөгөөд өнгөрсөн өвөл АНУ-д туршлага судлаад иржээ. Бусдаас хуримтлуулж ирсэн туршлага, түүнийгээ цаашид сургалтын үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлэх боломжтой хийгээд өөрийнх нь сургалтын арга барил, ирээдүйн зорилгынх нь талаар ярилцлаа.
–Таны хувьд саяхан АНУ–д туршлага судлаад ирсэн. Ямар чиглэлээр яваад ирэв. Явсан сониноосоо хуваалцаач. Үүгээр яриагаа эхлүүлье?
АНУ-ын Калифорниа мужийн Калифорниа их сургуульд 5 долоо хоног мэргэжил дээшлүүлэх, Чико ахлах сургуульд 1 долоо хоног багшлах дадлагад нийт 6 долоо хоногийн академик хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Их сургуулийн багш нараар хичээл заалгаж яг л оюутан шиг явахад үнэхээр сайхан байсан.
–Хэдий богино хугацаанд явсан ч тэндээс маш их зүйлийг олж харсан байх. Багш, сурагчдын ялгаа хэр байна. Тэндхийн туршлагыг улсдаа цаашлаад орон нутагтаа нутагшуулах боломж байна уу?
Миний дадлагад гарсан ахлах сургуулийн хувьд хичээл нь 88 минут үргэлжилдэг. Америк багш маань уран зохиолын хичээл заадаг учраас сурагчид нь номоо уншаад л сууж байдаг юм байна лээ. Тэвчээртэй сууж сурах, төвлөрөх гээд олон чадварыг ном уншсанаар эзэмшдэг юм байна гэж харсан. Монгол соёлын хичээлийг зургаан ангид зааж дараа нь сурагчдаас санал асуулга авахад аливаад дүн шинжилгээ хийх чадвартай нь үнэхээр гайхширмаар байсан. Үүнийг нь ном их уншдаг, уншсанаа хэлэлцүүлэг хийж ярилцдаг, хүүхдийг чөлөөтэй сэтгэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлдэгтэй холбоотой болов уу гэж харсан. Ийм болохоор л Америк орон ингэж хөгжсөн юм байна даа гэж бодогдож байлаа. Тиймээс орон нутагтаа хүүхдүүдийг номонд дуртай болгох, англи хэл дээр ном их уншуулж хэлийг албадаж биш яг л төрөлх хэл шигээ төвөггүй сурах юм байна гэж харсан. Мөн 15 орны 19 багшийн дунд яриа өрнүүлэхэд ном уншсанаар англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн гэж өөрийн туршлагаа хуваалцаж байсан багштай ч таарсан. Тиймээс сурагчдаа ном уншуулж сургая л гэж зорьж ирсэн дээ.
–Тэгвэл тэдний энэ арга барилыг орон нутагтаа утагшуулахад хэрхэх ёстой гэж та бодож байна вэ?
Монгол хүүхдүүдийн хувьд төвлөрч суух, бие даан суралцах чадвар дутмаг байдаг юм шиг санагдсан. Өнөө цагийн сургалтын чиг хандлага нь би – ээс бид рүү хэдийн шилжсэн. Тийм учраас аливаа үйл ажиллагааг үр дүнд хүргэе гэвэл үүнд багийн ажиллагаа хамгийн чухал. Тиймээс сурагчдыг ном уншуулж сургахад юун түрүүнд тав тухтай орчин бүрдүүлэх, судлагдахуун төдийгүй сургуулиараа номонд дурлуулах олон төрлийн шинэлэг үйл ажиллагаануудыг төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай, үе шаттай хэрэгжүүлвэл үр дүнд хүрнэ гэж бодож байна.
–Тэндээс өөртөө ямар зорилго тавиад ирэв. Мэдээж гадны соёлыг хараад олон шинэ санааг тээж ирсэн байх?
Тийм шүү. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 15 орны 18 багштай өөрийгөө харьцуулахад сурах зүйл маш их байна гэдгээ мэдэрсэн. Бидний олонх нь өдөр тутмын ажилдаа хэт хайрцаглагдсан байдаг төдийгүй, өөрсдийн хөгжлөө ажлын байраараа хязгаарласан байдаг. Тийм болохоор мэргэжлийн багш бид нарт англи хэлний мэдлэг чадвараа өсөн нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт аймгаасаа дахин нэг ч гэсэн багшийг хамруулж мэдлэг мэрэгжлийн цар хүрээгээ өсгөн нэмэгдүүлэхэд нь өөрийн чадлаараа туслах болно оо. Хөтөлбөрөө төгсөж ирээд орон нутгийн багш нараа чадавхжуулах, идэвхжүүлэх, хамтран суралцах зорилгоор Англи хэлний багш нартайгаа нэг сарын аян зарлаж хамтдаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээр зорин ажиллаж байна. Хүүхдүүдийн хувьд Англи хэлээ сайн сурвал ямар их боломж нээлттэй байгааг тэдэнд таниулж чөлөөт уулзалт хийсэн. Их сонирхолтой хүлээж авсан сурагчид маань.
–Боловсролын салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна. Анх ажилд орж байсан Гэрэлчимэгийн болоод салбарынх нь нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулбал хэрхэн дэвшилж дээшилсэн байна вэ?
2013 онд МУБИС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгсч 2014 оноос багшаар ажиллаж эхлээд 10 жил болсон байна. Анх ажилд ороход багшийн цалин 535000 төгрөг байсан. Одоо үетэй харьцуулахад цалин бага, төрөөс багш нараа дэмжих бодлого бага байсан ч дөнгөж төгссөн шинэхэн багш эрч хүчээр дүүрэн, өөрийн чаддаг мэддэгээ хүүхдүүдэд заах хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж эхэлсэн дээ. Хичээлээ бэлдэхдээ өөрийн зардлаар сургалтын хэрэглэгдэхүүнээ авч, хичээл сургалтаа зохион байгуулдаг байсан бол одоо хичээл үйлдвэрлэлийн зардал мөн багш нарын эрүүл мэндийн зардал, багшийн хөгжлийн зардал төсөвт тусгагдсанаар багш нарын нийгмийн асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа нь боловсролын салбарын томоохон дэвшил юм болов уу гэж харж байна. Ажиллахад ч илүү урам зоригтой байгаа.
–Англи хэлний багш гэдэг онцлог. Хүүхэд нэг бүрт үүнийг бүрэн эзэмшүүлэх боломж ер нь бий юу?
Ирээдүйд инженер, эмч, хуульч, малчин болсон ч англи хэл хэрэг болно гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хичээдэг. Бидний өдөр тутмын амьдралд Англи хэл мэддэг байх хэрэгцээ шаардлага тулгардаг учраас хүүхэд нэг бүрийг англи хэлний тодорхой мэдлэгтэй хэрэглээний түвшинд хүргэх юмсан гэж боддог. Энэ бүтээгдэхүүн, энэ бэлдмэл, энэ хүнсийг яаж хэрэглэнэ гэнэ вэ гээд л томчууд хүүхдүүдээсээ асуудаг шүү дээ.
–Хүмүүс ярьдаг шүү дээ, хэлний авьяастай эсвэл авьяасгүй гэж. Үнэхээр гадаад хэлийг сурахад авьяас буюу тухайн хүүхдээс онцгой чадвар шаарддаг уу?
Энэ хүүхэд бол яг хэл сурах өгөгдөлтэй хүүхэд гэж багш нар ярих тохиолдол байдаг ч ховор л доо. Гадаад хэл сурахад тухайн хүүхдээс онцгой авьяас бол шаардахгүй гэж боддог. Гагцхүү суръя гэсэн чин хүсэл, шаргуу хөдөлмөр л байвал англи хэлийг сурч чадна. Хэл сурах дуртай, зорилготой хүүхэд бол хичээлийн бус цагаар ч англи хэлээ судалж, үеийнхнээсээ илүү сайн болж буй нь харагддаг. Тийм болохоор хүүхдүүдийг бие дааж англи хэлээ давтах тал дээр зөвлөн чиглүүлж, дэмждэг.
–Та хэддүгээр ангид англи хэлний хичээл орж байна. Ангийн ялгаа англи хэлний хичээлээр хэр ажиглагддаг вэ?
Одоогоор 6, 7, 8, 9, 11-р ангиудын сурагчдад хичээл зааж байна. Техник технологи хөгжихийн хэрээр сурагчдын хэлний мэдлэг эрс сайжирч байгаа нь ялангуяа дунд ангийн сурагчдад илт мэдэгдэж байна. Мөн Youtube сувгууд, кино контентууд, видео тоглоомоор дамжуулан богино хугацаанд англи хэлний ярианы болон сонсох чадвараа сайжруулж байгаа нь зарим хүүхдүүд дээр харагддаг.
–Багш болгоны тухайн хичээлээ заах, хүүхдүүдэд ойлгуулах арга барил өөр өөр байдаг. Таны ажлын гол арга барил юу вэ?
Хүүхдүүдийнхээ ярих чадварыг сайжруулахыг зорьж байна. Англи хэлний хичээл гэхээр номын дасгал хийгээд, орчуулаад, үг хувиргаад дүрэм судлаад явах биш, дэвтэр дээрээ л хийгээд байх хандлагыг өөрчилье гэж бодсон. Тиймээс Англи хэл сурч байгаа л бол өнөөдрийн үзсэн хичээлээсээ 2 өгүүлбэр хэлэх, уншсан сэдвээ өөрийн үгээр ярих чадварт сургахыг хичээж байна. За Англи хэл сурч байгаа юм чинь нэг яриадах даа гэж зарим томчууд хүүхдээ шалгадаг. Тэгэхэд хүүхэд нь дэвтэр дээрээ л олон гоё дүн аваад байхаас бодит байдал дээрээ хэрэглээ болгоод хоёр өгүүлбэр хэлж чадахгүй байх нь олонтаа байдаг. Тиймээс ярих чадвар илүү чухал гэж үздэг.
–Ингэснээр хүүхдүүдэд гарч буй ахиц дэвшил нь хэрхэн мэдрэгдэв?
Сүүлийн хоёр жил энэ аргаа хичээл заадаг ангийн сурагчдадаа хэрэгжүүлж байна. Эхэндээ сурагч үзсэн сэдвийн хүрээнд ярихад ангийнхнаасаа болон багшаасаа ичих, богино үг, өгүүлбэрээр ярьдаг байсан бол үүнийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа дунд ангийн сурагчдаас харахад илүү нээлттэй, өөрийн үгээр хувирган дэлгэрүүлж ярих чадвар нь нэмэгдэж байна. Хүүхдүүд ч өдөртөө тухайн сэдвээрээ асуугдаад явахаар үгийн баялаг нэмэгдэж, зарим сурагчдын хувьд өгүүлбэрзүйн хувьд алдаагүй ярьж эхэлж байгааг харахад эхлүүлсэн ажлын маань үр дүн эхнээсээ гарч байна гэж бодож байна.
–Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ дэлхийн хэл буюу англи хэлийг сургах хүсэл сонирхол маш их болсон. Үүнийгээ дагаад ч бас сургалтын үйл явцад өөрчлөлтүүд гарч байгаа байх. Олон нийтийн чиг хандлага гэдэг зүйлийн талаар нь асуух гээд байна л даа?
Тэгэлгүй яахав. Өнөө үед ухаалаг утас болон технологийн дэвшлийг ашиглан хүүхэд бүр өөрийн түвшин, нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон мянган үнэгүй хичээлийг үзэж өөрсдийн хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх боломж байна. Үүнийг харин эцэг эхчүүд, асран хамгаалагчид ухаалгаар зөв чиглүүлж чадвал хүүхэд хэлийг амжилттай сурах боломж нээлттэй байна. Хүүхдийнхээ дуртай, авьяастай, сонирхолтой зүйл дээр нь үндэслэж эцэг эхчүүд хамтран суралцвал илүү үр дүнд хүрнэ.
–Дан ганц хичээлийн цагаар бус нэмэлтээр сургалт дамжаанд хамруулах нь хэр үр дүнтэй юм бол. Орон нутагт англи хэлний сургалт, дугуйлан хичээллэдэг үү?
Долоо хоногт 3 удаа 40 минутаар нийт 120 минутад хичээл ороход хүүхдэд англи хэл эзэмшүүлнэ гэдэг бол хэцүү. Хэл сурна гэдэг нь урт хугацааны үйл явц байдаг. Тийм болохоор аль болох хичээлээ давтаж, бие дааж сурах нь чухал. Сүүлийн үед эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ хэлний боловсролд их анхаардаг болсон нь үнэн. Тиймээс дугуйлан, дамжаанд их хамруулж дэмжиж байдагт нь баярладаг даа.
Манай аймгийн хувьд англи хэлний дугуйлан хичээллүүлдэг цөөхөн багш байдаг. Миний хувьд зөвхөн зуны амралтаараа сурагчдад дугуйлан хичээллүүлдэг.
–Гадаад хэлний багш нарт чиглэсэн дэмжлэг сургууль, орон нутгийн хэмжээнд хэр байдаг юм бэ?
Орон нутгийн хувьд сүүлийн жилүүдэд англи хэлний боловсролд чиглэсэн хөрөнгө оруулалт, сургалт хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж эхлээд байгаа. Манай сургуулийн хувьд багш нараа маш сайн дэмждэг болохоор багш нар маань өөрсдийгөө хөгжүүлэх чин хүсэл тэмүүлэлтэй ажилладаг. Англи хэлний боловсрол ямар чухлыг ойлгож залуу үеэ англи хэлтэй, дэлхийн иргэн болоход дэмжин ажиллаж байгаа хүн бүрт энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье.
–Боловсролын салбарт тэр дундаа орон нутгийн түвшинд тулгамдаж буй гол асуудлыг та юу гэж хардаг вэ?
Багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, бодитоор үнэлж урамшуулах хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа гадаад хэлний багш нараа гадаадын урт болон богино хугацааны төсөл хөтөлбөр, тэтгэлэг, сургалтанд хамруулж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх хэрэгцээ шаардлагатай байна. Ингэснээр энэ нь бодит дэмжлэг болох ба багш нарт ажиллах урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж багш нар маань үүнийхээ хэрээр илүү үр дүнтэй, орон нутагтаа тогтвор суурьшилтай хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Чадвартай гадаад хэлний багш нар маань орчин, нөхцөл сайтай өөр ажилд шилжих тохиолдол цөөнгүй байдаг. Орон нутагт чадвартай, мэдлэгтэй боловсон хүчин дутагдаж байгаа энэ үед багш нараа дээрх шалтгааны улмаас алдаж боломгүй юм шиг санагддаг даа.
Зав гарган ярилцсанд баярлалаа.