Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Онцгой комиссын хурлаар сэг зэм устгал, хээрийн түймрийн нөхцөл байдлыг хэлэлцэв

Аймгийн Онцгой комиссын 2024 оны зургаадугаар хурал боллоо. Хурлаар малын сэг зэм устгалын ажил болоод хээрийн түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар хэлэлцэв.

Сэг зэм устгалын ажлын явц, тулгамдаж байгаа асуудлын талаар МЭГ-ын дарга М.Молорчимэг танилцуулав. Аймгийн хэмжээнд сэг зэмийн устгалын ажилд 13 суманд 503 устгалын цэгт 704 хүн ажиллаж байна. Тус аймгийн хэмжээнд нийт 1,6 сая толгой мал хорогдсон бөгөөд сэг зэм булах, устгах ажил 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой комиссоос техник, хүн хүч, шатахууны зардалд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хаврын хуурайшилтын цаг эхэлсэнтэй холбоотойгоор тус аймагт гарч буй хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБГ-ын дарга, хурандаа Б.Анхбаяр мэдээлэл өгсөн юм. Энэ оны 3, 4 дүгээр сард нийтдээ 12 удаагийн хээрийн түймэр гарч, 52 авто машин, 272 албан хаагч түймрийг унтраахаар ажиллажээ. Түймрийн улмаас нийт 96 мянган га талбай шатаж үгүй болсон нь өнгөрсөн оны мөн үеээс экологийн хохирол өндөр гарчээ.

Сумдын удирдлагад хүн хүч, машин техник, санхүүгийн боломжоо харгалзан үзэж сэг зэмийн устгалыг ойрын хугацаанд хийж дуусгах, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг аймгийн Онцгой комиссын даргын зүгээс үүрэг болгов.