Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Багш, сурагчдын бүтээсэн “Билгүүн хээр” хуур

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш сурагчид хамтран Билгүүн хээр хэмээх энэхүү хуурыг бүтээжээ.

Эртний Хүннү гүрний төрийн бэлгэдэл морины нэрээр хуураа нэрлэсэн байна.

Хуурын их бие буюу царыг морины толгойгоор хийсэн бол хуурын үндсэн толгой болон бусад хэрэглэлүүд нь тус бүрдээ утга агуулгатай. Тухайлбал, толгойны дэлийг хурдан удмын адууны дэлээр хийж, бодит болгох үүднээс хэлийг нь хөдөлдөгөөр урлажээ. Мөн хуурын чихийг хос луугаар бэлгэдсэн бол Монголчуудын шүтээн нар, сар, галыг чимэглэл хэлбэрээр шигтгэжээ.

Хуураа хийхийн тулд судалгааг тодорхой хугацаанд хийсэн. Цаашид мэдээж байгууллага болон манай аймгийн уяачид маань хурдан хүлгийнхээ толгойг өгч, өнгө зүсийг нь захиалан хуур урлуулж ийнхүү залж болно. Манай сургуулийн хувьд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой. Энэ ч утгаараа үндэснийхээ морин хуур хөгжмийг урлах санаачлагыг хамт олноороо гаргаж, үүндээ сурагчдаа гар бие оролцуулсан. Энэ нь сурагчдад дан ганц хэлж яриад байх биш бүтээх үйлсэд ч мөн адил оролцуулах нь тухайн хүүхдэд илүү их боловсролыг олгох юм байна гэж үзсэн. Хуурыг бүтээхэд оролцсон сурагчдын хувьд ч сэтгэгдэл өндөр байгаа гэдгийг Баруун-Урт сумын хоёрдугаар сургуулийн захирал С.Батчулуун хэллээ.

Тус хамт олон одоогоор хоёр хуурыг урлаад байгаа гэнэ. Нэгийг нь сургуульдаа залсан бол нөгөөг нь аймгийн Соёл, Урлагийн газрын хамт олон яг одоо Улаанбаатар хотноо болж буй Монгол гэр үзэсгэлэнд залсан байна.