Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

М.Хишигдэлгэр: Хүмүүнлэгийн байгууллагын ажлыг орон нутгийн иргэд тэр дундаа хүүхдүүд маш сайн мэддэг, дэмждэг болсон

Өнөөдөр дэлхийн Хүмүүнлэгийн өдөр. Үүнтэй холбоотойгоор үндэсний хүмүүнлэгийн байгууллага болох МУЗН-ийн Сүхбаатар аймаг дахь дунд шатны хорооны дарга М.Хишигдэлгэртэй цөөн хором ярилцлаа.  

Юуны өмнө танд дэлхийн хүмүүнлэгийн өдрийн мэндийг хүргэе. Улаанзагалмай нийгэмлэг бол олон улсын хүмүүнлэгийн байгууллага. Энэ байгууллагын үйл ажиллагаа орон нутагт хэрхэн өрнөж байна?

Баярлалаа. Сүхбаатар аймгийн Улаан загалмай хорооны Удирдах зөвлөл болон Дунд шатны хороо, сайн дурынхан, ивээн тэтгэгч нийт гишүүддээ мөн хүмүүнлэгийн өдрийн мэндийг хүргэе. Бид Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүн амын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр анхны тусламж үзүүлэх сургалт, сурталчилгаа явуулах, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөн өрнүүлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах,гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх,бэлэн байдлыг хангах, өөрийгөө хамгаалах мэдлэг  чадварыг иргэд, олон нийтэд олгох, нэрвэгдэгсдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хүргэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гэх мэт үндсэн үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж байна.     

Улаанзагамайг буяны байгууллага мэт ойлгодог байсан цаг саяхан.  Гэхдээ энэ ойлголт хуучнаа бодвол эрс өөрчлөгдсөн нь мэдэгддэг. Магадгүй энэ нь анхан, дунд шатны хороодын үйл ажиллгаанаас шууд хамаарах байх?

Үндэсний хүмүүнлэгийн байгууллага гэдэг нэрийг бид бүхий л ажил, үйл ажиллагаандаа байнга хэлж сурталчилж ажиллахыг хичээдэг. Гамшиг, онцгой байдлын үед болон бүх үед Монгол Улсынхаа төрд нэмэлт хүч болон ажилладаг үндэсний хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм байна гэдгийг хүмүүс олж харж, үндсэн үйл ажиллагааг маань маш сайн мэддэг болсон. Энэ бол байгууллага цаашид амжилттай ажлаа үргэлжлүүлэх хамгийн том хөшүүрэг. Биднийг мэдэхгүй, ойлгохгүй бол ажил урагшилна гэдэг хэцүү шүү дээ.

Байгууллагын үйл ажиллагаа гишүүнчлэл дээр тогтдог.  Сүхбаатар аймгийн Улаанзагалмай хорооны цар хүрээ хэр тэлсэн бэ?

Тэгэгүй яахав. Одоогоор манай хорооны гишүүн байгууллага 20 орчим, гишүүд дэмжигчид 800 гаруй болсон байна.Сүүлийн үед хүмүүнлэгийн байгууллагын ажлыг орон нутгийн иргэд тэр дундаа хүүхдүүд маш сайн мэддэг, дэмждэг болсон.

Танай хорооны онцлох үйл ажиллагаанаасаа нэрлээч гэвэл?

Нийгмийн эрүүл мэндийн  аюулгүй байдлыг хангах, халдварт болон халдварт бус өвчний эрсдлийг бууруулахад иргэдийн  хандлага оролцоог сайжруулах ажлын хүрээнд орон нутагт тулгамдаж буй томоохон асуудлын нэг Зоонозын халдварыг эрт илрүүлэх тандах мэдээлэх зорилготой олон нийтийн оролцоонд тулгуурласан төслийг 2023 оноос найман суманд хэрэгжүүлэн малчдыг мэдээллээр хангасан нэгдсэн сүлжээ үүсгэсэн нь олон сайхан ажлын эхлэл байлаа. Дээрээс нь бид багаа маш сайн бүрдүүлж чадсан гэж хэлж болно. Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчин байхад ямар ч ажлыг бид хийж чадна. Мөн гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшсэн.

Өсвөрийн улаанзагалмайчид дээр тулгуурласан ажлуудыг маш их явуулж байгаа харагддаг. Хүүхдүүдийн идэвх оролцооны талаар та юу хэлэх вэ?

Тийм шүү. Өсвөрийн улаанзагалмайчид бол бидний гол хүчний нэг. Хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг тэдний хүчээр хийж байна. Сүхбаатар аймгийн хүүхэд багачуудын хүмүүнлэгийн үйлсэд оролцож буй хичээл зүтгэл санаачлагын  үр дүнд 2 өсвөрийн улаан загалмайн гишүүн сурагч болон миний бие Япон улсад зохион байгуулагдсан хүүхэд залуусын гишүүн солилцооны хөтөлбөрт  оролцоод ирсэн нь манай хүүхдүүдэд их урам зориг өгсөн сайхан үйл явдал юм. Дараагийн улсад очиж туршлага судлах эхлэл маань ч тавигдсан байгаа.

Улаанзагалмай хороо аливаа гамшгийн үйл ажиллагаанд шууд оролцдог. Өнгөрсөн өвлийн тухайд Сүхбаатар аймагт зудын гамшиг нүүрлэсэн. Хаваржилт ч хэцүүхэн байлаа. Энэ бүхэнд хэрхэн яаж хамтарч ажилласан бэ?

Орон нутагтаа, өөрсдийн нөөцөд тулгуурлан “Нэг эмэгтэй Нэг нэмнээ” аян болон Эх хүүхэд эрүүл байг аяныг сайн дурын идэвхтэн гишүүд, албан газар аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд нийт 200 гаруй жирэмсэн ээж 600 орчим өрхөд хүрч ажилласан. Сүхбаатар дүүргийн болон Дархан Уул аймгийн Улаан загалмай хороод мөн маш том хүмүүнлэгийн дэмжлэг Үзүүлсэн. Мөн аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй бүхий л ажилд хамтран ажилласан.

Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн хандив тусламжийн талаар мэдээлэл өгнө үү?

Байгалийн гамшгийн үед  эмзэг бүлгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэн, иргэдийн амжиргааг дэмжиж, гамшгаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээ авах зорилтын хүрээнд  2022-2023 оны өвөл хаврын зуд болон хүчтэй цасан шуурга байгалийн гамшиг тохиосон үед МУЗН болон хандивлагчдаас 400 орчим малчин өрхөд  2024 онд 700 өрхөд бэлэн мөнгө болон гэр, гэрийн дулаалга, малын эрдэс тэжээл зэргийг бэлэглэсэн нь цаг үеээ олсон маш том хүмүүнлэгийн дэмжлэг байлаа.

Байгууллагын цаашид барьж буй бодлого юу вэ?

Залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тэднийг нийгэмд чиглэсэн үр дүн бүхий хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулах, сургаж, дадлагажуулна. Олон нийтэд анхны тусламжийн боловсрол олгох, мэдлэг, чадвар, хандлагыг нь нэмэгдүүлэх зорилгоор бүх шатны сургууль, ажлын байр, гэр бүлд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадал, хандлагыг олон нийтэд түгээхэд дэмжлэг үзүүлж ажиллахад онцгой анхаарна. Сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажилладаг арга барилаа шинэчилнэ. Залуучуудыг сайн дурын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах бодлого хэрэгжүүлж, тэдний манлайллыг дэмжиж ажиллана.

Сүхбаатар аймгийн Улаан загалмай хорооны Удирдах зөвлөл болон Дунд шатны хороо, сайн дурынхан, ивээн тэтгэгч нийт гишүүд бид орон нутагт хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэн, төртэйгээ хамтран ажиллаж ард иргэдэддээ  хүмүүнлэгийн сайн анд нөхөр байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.