Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“Соёл, спорт, эв нэгдэл” уулзалт өдөрлөгөөр соёлын бүтээлч сарыг хаалаа

Аймгийн СУАЖЗГ-аас Соёлын бүтээлч сарын хаалтыг Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж салбарын нийт албан хаагчдын дунд “Соёл, спорт-эв нэгдэл” уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Уулзалтад МУУГЗ Л.Гомбосүрэн, Монгол Улсын спортын мастер Ш.Энх-Амар нар оролцлоо.

Өдөрлөгт Жаахан шарга театр, Угсаатны зүйн музейн Нийтийн номын сан, Биеийн тамир, спортын газрын харъяа байгууллагууд хамрагдан, салбарын албан хаагчид зочитой сонирхолтой яриа өрнүүлж, биеийн тамир спортын нөхөрсөг тоглолтууд, дууны тэмцээнээр өрсөлдлөө. Мөн СУАЖЗГ, БТСГ, Жаахан шарга театрынудирдлагууд хүндэт зочдод хүндэтгэл илэрхийлэв.

11 дүгээр сарын 1-нээс 30-ныг дуустал улс даяар бүтэн сарын турш үргэлжилсэн Соёлын бүтээлч сарыг Сүхбаатарынхан бүтээлч ажлууд өрнүүлсэн амжилтаар өндөрлүүллээ. Энэ хугацаанд 180 орчим үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор 23 мянган хүнд хүргэжээ. 

МУУГЗ, ахмад уран бүтээлч  Л.Гомбосүрэн хэлэхдээ, соёлын бүтээлч сарын хүрээнд Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт тайзнаа олон шинэ уран бүтээлийг тавьж үзэгч олны хүртээл болгосон. Уламжлалт гэхээсээ илүү шинэ, содон уран бүтээлийг шинээр найруулан тавьж, олон улсын театрын өөр дүр төрх, урсгал  жанрыг олон нийтэд танилцуулсан үр дүнтэй байсан. Ер нь хаа сайгүй соёлын үйл ажиллагаанууд өрнөж, иргэдийн идэвх оролцоо маш сайн байлаа. Тиймээс нэг сар ингээд өнгөрөх бус цаашид ч тогтмол урлаг соёл, спортын нөлөөллийн болоод шинэлэг үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэх шаардлагатайг захиж байлаа.