Дарьгангын Дагшин булаг болон Ганга, Дуут нууранд “Монголын улаан ном”-д орсон монгол орны ховор амьтан болох дорнодын мэлхий байдаг.
Энэ мэлхий ид өвлийн хүйтнээр мөсөн доогуур гүйлдэж байдаг учраас Дагшин булгийг Дарьганга нутгийнхан “Амьтай ус” гэдэг. Дарьганга сумын төвийн баруун талаар хойшоо урсаж, Зэгст нуурт цутгах булгийг Дагшин булаг хэмээх бөгөөд ус нь өвөл хөлддөггүй, мөнх ногоон ургамалтай. Тиймээс дорнодын мэлхийн нутаглах таатай орчин болж чааджээ.
Мөн тус булгийн усыг идэр гурван есийн хүйтэнд долоон өглөө уувал гэдэс дотрын өвчинд нэн сайн хэмээх нутгийн хөгшидийн яриа бий.
Дорнодын мэлхийн бие нь 64 мм урт. Нуруугаараа хулсан шаргал, боровтор зүстэй. Нуруу, хажуугийн хуниасны хоорондох арьс тууш гүвдрүүтэй, түүнийг тойрсон хар толботой. Хэвэл, хоолой цайвар юмуу ягаавтар. Тал хээрийн гол нуур, цөөрмийн эргийн зэгс шагшуурга, дов сондуултай газар, үетэн, уулын алаг өвст нуга, намагт амьдардаг. Элдэв шавж, хавч хэлбэртнээр хооллоно. Дөрвөөс тавдугаар сард түрсээ шахаж, эм мэлхий 1200-3500 түрс гаргадаг байна. Дагшин булгийн дагуух цөөрмийн эргээр нэг км орчим явахад 60 гаруй бодгаль тохиолддог гэж тэмдэглэжээ.
Тус мэлхий нь устаж болзошгүй зүйлийн амьтанд багтдаг ба амьдрах орчинг бусниулах, өвчин эмгэг нэрвэх, усыг бохирдуулснаас хорогддог байна.