Өглөөний 10 цагт эхэлсэн аймгийн ИТХ-ын X хуралдаан хоёр намын бүлгийн маргаанаар үргэлжилж байна. Тодруулбал, 2017 оны төсвийн гүйцэтгэл цаашлаад тухайн үеийн аймаг орон нутгийн нөхцөл байдал, түүнээс үүдэн гарсан үр дүнг хэлэлцэн маргалдсаар, үндсэн асуудлаа хэлэлцэж чадахгүй байна.
2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Сүхбаатар аймгийн улс төрийн нөхцөл байдал элдэв маргааныг дагуулсаар хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, ИТХ-д төлөөлөгчийн суудлын тоо тэнцүү байсан намуудын хайнааг хагалж, шинэ засаг даргатай болсноор 2018 оны хавар сая цэгцрэх тийшээ хандсан. Гэвч 2019 оны сүүлийн хуралдаан болох X хуралдаанаар өнгөрсөн асуудлууд яригдсаар, төлөөлөгчид маргалдсан хэвээр байна.
Гол асуудал нь 2017 онд ирц дутуу хуралдаан хийж, хууль бусаар төсөв батлан захиран зарцуулсантай холбоотой. Энэ нь орон нутгийн эдийн засагт маш их хохирол учруулсан гэж ИТХ дахь АН-ын бүлэг дүгнэжээ. Тухайн үеийн төсвийн дүгнэлт, түүнээс үүдэн гарсан бусад асуудлууд өнөөдрийн энэ байдалд хүргэсэн учир цаг хугацаа өнгөрсөн хэдий ч холбогдох хүмүүс хуулийн хариуцлагаа хүлээх ёстой гэж тэд үзэж байгаа юм.
Харин зарим хурлын төлөөлөгчид үүнийг эсэргүүцэж, өнгөрсөн жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан ололт амжилтуудаа дүгнэж, аймаг орон нутгийнхаа ирээдүйг хэлэлцэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байна. Мөн зарим төлөөлөгч хуралдааныг орхин гараад байна.
Т.Одончимэг