Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ АЖИЛЛАНА

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл дэргэд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөл дэлхийн байгаль хамгаалах сангийн зүүн бүсийн салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлийг байгуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн зүүн бүсийн салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан Монгол дахь хөтөлбөрийн газар анх 1992 онд байгуулагдсан түүхтэй.Тус хөтөлбөрийн газар Монголд үйл ажиллагаа явуулж буй байгаль хамгаалах байгууллагуудаас нэр хүнд, цар хүрээгээрээ томоохонд тооцогддог. Байгаль дэлхий маань хүний буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болж их сүйтгэгдэн аюулын харанга дэлдэж байгаа өнөө үед хүрээлэн буй орчин, ховор ан амьтан зэргийг унаган байгалиар нь байлгах, гадны аливаа эрсдэлээс хамгаалах асуудал нь тулгамдсан асуудал болоод байна. Хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутгийн холбогдох газартай хамтран зохион байгуулах, ховордож буй ан амьтан талын буга, цагаан зээрийг хамгаалахад гол анхаарлаа хандуулж ажиллах юм байна. Цаашид Хүрээлэн буй орчины эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргиилэх чиглэлээр хил залгаа Дорнод, Хэнтий аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хууль хяналтын байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллаж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах юм байна.