Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“Дарьганга” зочид буудлын барилгын ажил 90 хувьтай байна

Аялал жуулчлалын бүс нутаг гэгддэг Сүхбаатар аймгийг зориод ирсэн аялагчдад ая тухтай амрах зочид буудал ховорхон. Тэгвэл тус аймагт олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий “Дарьганга” зочид буудлыг барьж байгаа. Өдгөө барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Зочид буудлыг нутгийн онцлог, түүх, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн эсгий гэр, уран зураг, авдар, ор, ханын шүүгээ зэрэг монгол гэрийн тавилга, модон тэрэг зэргээр тохижуулж, дотор болон гадна орчинд бүхэлд нь Дарьганга соёлыг шингээжээ.

Орчин үеийн тохижилтын шийдэлтэй, чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн дөрвөн давхар бүхий зочид буудал нь B1 давхартаа караоке, 14 машины дулаан зогсоолтой,  нэг давхартаа хурлын болон хүлээн авалтын танхим, хүлээлгийн өрөө, хоёр гуравдугаар давхартаа вип өрөөнүүдтэй. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Хорио цээрийн дэглэм цуцлагдахаар нээлтээ хийж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж барилгын инженер Б.Уугандалай ярилаа.

Аймаг орон нутгийн нийтийн үйлчилгээний салбарт зочид буудлын үйл ажиллагаа хангалтгүй байгааг олж харсан залуу бизнесмэн хөрөнгө оруулалт хийж, энэхүү орчин үеийн зочид буудлыг барихаар барилгын ажлыг 2015 онд эхлүүлж байсан. Тодорхой шалтгааны улмаас хоёр гаруй жилийн хугацаанд барилгын ажил нь зогсоод байсныг аймаг орон нутгаас бодлогоор дэмжиж, өнгөрсөн хавраас ажил нь дахин эрчимтэй өрнөж эхэлсэн юм.

Т.Одончимэг