Сүхбаатар аймаг 2008-2016 онд эрчимтэй хөгжиж, маш богино хугацаанд харьцангуй өндөр хөгжилд хүрснийг улс даяар мэддэг. Үсрэнгүй гэмээр хурдтай хөгжлийн тэр он жилүүд дэх бүтээн байгуулалтууд хэрхэн бий болсныг эргэцүүлдэг нь олон л байх. Гэвч мэддэгийг нь бататгах, мэдэхгүй хүүхэд, залуучуудад бол танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилгоор тухайн цаг үед Сүхбаатар аймаг нь хөгжлийн гарцаа олсон хэмээн улс даяар яригдаж, Ардчиллын, Ардын, “Хамтарсан” Засгийн газруудаар сайшаагдаж, гурван ерөнхий сайдаас дөрвөн ч удаа Монгол Улсын Шилдэг аймгийн цом өргөмжлөл гардан авсан болоод томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд хэрхэн хийгдэж байсан талаар цуврал нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Мартаж болохгүй түүх гэж байдаг. Үе үеийн Засгийн газрын хийсэн ажил, тэр дундаа орон нутагт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, иргэдийн амьдрал ахуйд хэрхэн нөлөөлснийг цаг хугацааны алслалын ард тунгаан шүүж байгаа нь хэд бол…
Алслагдсан нэгэн жишээг өгүүлэхэд,1996-2000 оны Засгийн газар нь 50 гаруй жилийн түүхтэй Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалтын үр ашиг, ач холбогдлоороо нэн тэргүүнд тавигдах Чойбалсан -Баруун-Уртын 110 квт-ын өндөр хүчдэлийн шугамыг барьж байгуулснаар эрчимтэй хөгжлийн эх суурь тавигдсан гэж үзэж байна. Түүнчлэн аймгийн бүх сум, зарим баг, бригадууд орчин цагтай хөл нийлүүлэх боломж бүрдсэн гэж хэлж болно. Үүнээс улбаалан үзвэл тухайн үеийн аймаг орон нутгийг удирдаж байсан ардчиллын залуучуудын санаачилгаар тэр үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олж төд удалгүй бодит ажил болоход Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд Г.Батхүү, Засгийн газрын зарим гишүүд холбогдох албаны хүмүүс ирж, нээлтийг хийж байсан нь түүхийн шарласан хуудсанд тодоор үлджээ.
Аливаа түүхийг гуйвуулагчид хаана ч байдаг хойно 1996-2000 оны сөрөг хүчин МАХН, аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Улаан /УИХ-ыг дөрвөн жил бойкот хийж, төрийн ажлыг яаж гацааж болдгийн жишээ болсон хүн/ дээрх ажлыг өөрөө хийсэн мэт шинэ дүрээр гарч ирж, Сүхбаатарчуудын итгэл үнэмшлийг хөсөрдүүлж байсныг цаг хугацааны шалгуур шүүн харуулж байна.
Дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажил нь Баруун-Уртыг нийслэл хоттой холбосон хатуу хучилттай зам юм. Энэхүү том бүтээн байгуулалт нь хоёр ч бүрэн эрхийн хугацаанд Засаг даргаар ажилласан Ж.Батсуурийн санаачилгаар, түүний баг хамт олны хичээл зүтгэл, уйгагүй, бүтээлч үйл ажиллагаа, хариуцлага, хяналтын дор 8 метрийн өргөнтэй, 7 см-ийн зузаантай асфальтан хучилттай замыг ашиглалтад оруулж Монгол Улсын хэмжээнд хээрийн замын стандартыг шинэчлэн тогтоосон нэн ач холбогдол бүхий чухал ажил байлаа.
Энэ замын бүтээн байгуулалт тийм ч амар хялбар байгаагүй бөгөөд олон хүний хүч хөдөлмөр, орон нутгийн удирдлагын уйгагүй үйл ажиллагааны үр дүнд улсдаа гайхагдах чанартай хөрөнгө оруулалт болж чадсан.
Одоо ч энэ замаар иргэд сэтгэл хангалуун, итгэл дүүрэн, өдөр шөнийг үл огоорон зорчсоор буй. Энэхүү бүтээн байгуулалтын нээлтэд тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцож байлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд төслийг санаачилж, зохион байгуулсан, тухайн үеийн Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь үг хэлэхдээ, “…холыг ойртуулдаг, хоёрыг уулзуулдаг, хөгжлийг авчирдаг зам орон нутагт маань хүрэлцэн ирлээ. Багагүй бэрхшээлийг туулсан ч бид түүнийг даван гарч чадлаа. Энэ зам маань цаашид Монгол Улсын далайд гарах гарц, Ази Европыг холбосон шинэ гүүр болно гэдэгт итгэлтэй байна…” хэмээн хоолой зангиран, аньсага норгож байсан дүр төрх дүрс бичлэгийн хальсанд үлджээ. Тэрээр тухайн санаачилгыг дэмжин ажилласан Монгол Улсын Их хурал, Засгийн газарт талархлаа илэрхийлж, шинэ бүтээн байгуулалтаа хайрлан хамгаалж, аюул осолгүй зорчин ашиглахыг ард түмэндээ уриалсан байх юм. Цааш хэлэхдээ, бид зөвхөн улсын хөрөнгө оруулалт, Засгийн газрыг харж суух биш, энэ том бүтээн байгуулалтыг тосож, орон нутгийн хөрөнгө оруулалт болон олон чиглэлийн санаачилгаар хөрөнгө мөнгө босгож, Сүхбаатар аймгийнхаа нийслэл болсон Баруун-Урт хотоо таван тойрог бүхий замаар бүсчлэн хөгжүүлж, уулзвар гарцуудыг олон улсын стандартад нийцүүлэн бүтээн байгуулснаа ч бас ирсэн зочдод дуулгаж байсан юм.
Уг замыг Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагаан-Бичигтийн боомт хүртэл үргэлжлүүлэх, үүнээс салаалуулан Шилийн богд-Дарьгангыг хатуу хучилттай замаар холбон аялал жуулчлалын тойрог үүсгэх тухай мөрөөдлөө ажил хэрэг болгохоор байнга хөөцөлдөж, эхнээс нь төр засгийн бодлого шийдвэрт тусгуулан ажиллаж байгаа нь аймгаа хөгжүүлэх гэсэн түүний чин хүсэл зоригийн илэрхийлэл гэж мэдрэгддэг.
Чанартай бүтээн байгуулалт, алсыг харсан бодлого ямагт үр ашгаа өгдгийг өнөөгийн өндөрлөгөөс хараад бахархахгүй байхын аргагүй юм.
Харин чанаргүй бүтээн байгуулалт ард иргэдэд ямар үр өгөөжгүй байдгийн жишээг бид Төв аймгийн Лүнгийн зам буюу /олноо Там-Очирын зам/, Чандаганы талын зам буюу /олноо Гарамгайбаатарын зам/, Өндөрхаан-Чойбалсангийн замын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бишгүйдээ л үзэж сонсож байна. Хэнтий аймгийн төв Өндөрхаанаас салаад Дорнод руу явсан замаар өдгөө машинтай явах боломжгүй шахуу эвдэрч, овоолсон шороо ч таарна. Хажуугаар нь олон салаа зам гараад удаж буйг тэр замаар зорчдог хүн бүр мэднэ.
Дээр хэлсэнчлэн түүхээ, бас өнгөрсөн цаг үеэ бид мартах учиргүй. Мэдээллийн эрин зууны өнөө цагт бодит түүхээ мушгин гуйвуулж, бүх бүтээн байгуулалтад хуруу байтугай хумсаа хүргээгүй атлаа бүгдийн эзнээр тодрох гэсэн зарим албан тушаалтан байгааг ард түмэн хэдийн мэддэг болжээ. Тухайлбал дээрх цаг хугацаанд өдгөөгийн УИХ-ын гишүүн Ч.Улаан хаана байсан бэ? Тэрээр Сүхбаатар аймагт хийгдсэн энэ бүтээн байгуулалтын үед МАН-аас нүүр буруулж, МАХН-д гишүүнээр элссэнээр төр засагт түүний нөлөө огт байхгүй байсныг түүх гэрчилнэ.
Алсын хараатай байж, аливаа зүйлийг нарийн төлөвлөж, шийдвэр гаргана гэдэг амбиц биш, нэр төрийн төлөөх улайралт ч биш, олон нийтийн эрх ашигт захирагдсан, өөрөөр хэлбэл иргэдийг тав тухтай, сэтгэл хангалуун аж төрөх бүхий л нөхцөл боломжоор хангах бодлого байдаг. Үүний тод жишээ нь дээр дурдсан бүтээн байгуулалтууд, түүний үр шимийг хүртсэн иргэд олон нийтийн үнэлэмжээр тодорхойлогдож байна. Түүнчлэн оновчтой зөв бодлого хэрхэн үргэлжилж, иргэдийн аж амьдрал, орон нутгийн хөгжил дэвшилд эерэг байдлыг хүлээсэн хүлээлт газар сайгүй бий болжээ.
Энэ мэтчилэн амьдрал баян түүх их учраас Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалтыг нүдээр үзсэн, хамтран ажиллан гэрч болж байсан хэн ч өөрийн санал, дурдатгал дурсамжаа сонины хуудаснаа мөнхлөн үлдээх боломжтойг дуулгая.