Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатартай монгол уламжлалт ухаан, цээр ёс, зан заншлын талаар ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулна уу ?
-Уугуул нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга сум, суугуул нутаг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг. Бурхан шашин, буян номын мөрөөр яваа лам хүн. Судлаач мэргэжилтэй, шүлэг яруу найраг оролддог уран бүтээлч гэж хэлж болно.
-Та монголчуудын өв соёл, уламжлалт ухааны талаар багагүй судалж, ном бүтээл туурвижээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Монголчууд хэдэн зуу, мянган жил өв уламжлал, түүх соёлоо өөрсдөө бүтээж ирсэн. Бас цаг хугацааны явцад өв уламжлал минь орхигдох, түүх соёл мартагдах гээд олон талын шалтгаан байсан. Гэвч өнөөдөр бид үндэсний дархлааг сайжруулах тухай ярьж бичиж байгаа нь сайн. Ард түмэн бүхий л түүхэндээ бүтээсэн мэдлэгийг соёл гэдэг. Харин өвлөн уламжлах нь хүн бүхний үүрэг юм. “Би монгол хүн” гэж цээжээ дэлдэх нь бахархал боловч түүх соёлоо мэддэг, цээр ёсоо мөрддөг, зан заншлаа дагадаг байх нь хамгийн чухал. Үр хүүхэд, ирээдүй хойч үеэ үндэсний бахархалд дур сонирхолтой болгох яриа илтгэл, хичээл сургалт явуулах зэргийг идэвхтэй болгох хэрэгтэй. Нэг хүнээс эхлээд нийгэм, төр нийтээрээ ухамсарлан ирээдүй хойч үедээ жинхэнэ монгол ухаанаа уламжлан өвлүүлэх ёстой
. -Та”Монгол ухааны эрхин хэлхээ” сургаал шүлгийн ном хэвлүүлжээ. Энэ бүхнийг 108 бадаг шүлгээр илэрхийлэхэд оюун санаа, орон зайны хувьд ямар санагдав?
-Монголчууд бид уламжлалт аман болон бичиг судрын уран зохиолын өв их сан хөмрөгтэй ард түмэн шүү дээ. Үлгэр, домог, оньсого таавар зүйр цэцэн үгс гээд. Харин анхааран авч уншиж судлах нь дутмаг байна. Аливаа зүйл үндэслэлтэй байх хэрэгтэй. “Монгол ухааны эрхин хэлхээ” сургааль шүлгийн ном бол уламжлалт уран зохиолын хэлбэрийг шингээж судалж бичсэн бүтээл юм. Олон зуун жил ам дамжин хэлэгдэж ирсэн, гүн ухаан оршсон, сургааль үгийг шүлэг болгож хэлхэн уншигч түмэнд хүргэснээрээ онцлогтой. Мөн мартагдсан бүдгэрсэн, мэддэг боловч төдийлөн хэрэглэдэггүй, нарийн утга учрыг нь мэддэггүй, мэргэн үг сургаалыг шүлэг болгосноороо давуу талтай. “Хаалга алдалж зогсдоггүй Хар ус самардаггүй Хайч ангайлгаж тавьдаггүй Хайлган Монгол ухаан” гээд эхэлж байгаа. Хаалга яагаад алдалж болдоггүй гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Өөдлөх айл үүд, хаалганаасаа гэж ярьдаг. Хаалга алдалбал гэр оронд буг чөтгөр үүрлэнэ, гарз гай гарна гэж цээрлэдэг. Тэгэхээр мөр бадаг бүхэн асуулттай, хариулттай уламжлалт ухаан болж байгаа юм. Ном бүтсэн түүхээс яривал, миний хувьд 1990- ээд оны дундуур нутгийн буурал эрдэмтэн багшаа бараадан бурхны ном заалган хийдэд шавилан суух үедээ нэг өглөө суварга гороолон алхаж явлаа. Гэтэл өмнө талд явсан өвгөн багш минь эргэж хараад “Суварганы сүүдэр гишгэж болдоггүй юм шүү” гэж учирлан захисан. Тэгэхэд би суварганы сүүдэр гишгэж байгаагаа ч мэдсэнгүй. Зогтусан холуур алхаад цааш явахдаа “болдоггүй” гэсэн цээр ёсон олон байдаг шүү гэх ухаан ар араасаа орж ирсэн. Энэ цагаас сургааль шүлэг бичих санаа төрсөн. “Суварганы сүүдэр гишгэдэггүй Суухдаа ташуур тулдаггүй Суниахдаа сугаа ч тэнийлгэдэггүй Суут монгол ухаан” гэх мэт найман бадаг шүлгийг удалгүй зохиож найз нар, ойр дотнынхондоо уншиж өгдөг байлаа. “Нээрэн тийм шүү дээ, ийм сайхан үг зөндөө байдаг. Ямар сайхан эвлүүлж шүлэг болгосон юм” гээд урам өгдөг байв. Улмаар цааш судалж, сонирхож, цуглуулж явсаар 108 бадаг шүлэг болгож ном хэвлүүлэх хэмжээнд хүрсэн. Монгол оюун санааны уул уурхай бол шавхагдашгүй баялаг юм. Монгол хүн бүхэн өөрөө баялаг бүтээгч болно. Өвөг дээдсийн минь үг сургаал үнэ цэнэтэй байдаг гэдгийг ойлгож мэдэж авсан. Уран бүтээлийн хувьд бол олз ихтэй байгаа. Удахгүй “Монгол ухааны эрхин хэлхээ” хоёр дахь ботийг хэвлүүлэх гэж байна.
– Зарим хүн “Монгол ухаантан гэж хэн юм бэ” гэж шүүмжилдэг. Монгол ухаан гэж чухам юу вэ?
– Монголчууд язгуур ухаан, суу ухаан, хаан ухаан, хатан ухаан гээд олон ухааны талаар тайлбар хийж үндэсний дархлаанд хувь нэмрээ оруулж байгаа нь сайшаалтай. Нүүдэлчин соёл иргэншлээс уламжлагдаж ирсэн өдөр тутмын амьдралд монгол ухаан цаг ямагт хэрэглэгдэж байгаа. Монгол хүний оюун санаагаар бүтээгдсэн дахин давтагдашгүй үнэт зүйлсийг монгол ухаан гэж тодорхойлж байна. Энэ нь энгийнээс нарийн хүртэл амьдралын хэв шинжийг хэлэх болов уу. “Товч зангидах Тогоо нэрэх Уурга тагнайдах Утас ээрэх” нарийн ур хийцтэй алт, мөнгөний дархан урлах гээд цааш нэрлэж болно. Мөн өрнө, дорнын гүн ухаан, буддын гүн ухаан гэж байдагтай адил монгол ухаан бол ахуйн гүн ухаан юм. Өнөөдөр бид ахуйгаасаа холдож суурин иргэншилд шилжсэний улмаас үндэсний дархлаа сулрах нэг шалтгаан болсон. Нүүдэлчин соёлтой монгол түмэн ахуйгаасаа холдож болохгүй, уламжлалаа алдаж болохгүй. Монгол дархлааг бэхжүүлье гэвэл уламжлалаа судал. Хэт даяарчлалд автагдаж болохгүй. Том гүрэн өөрийн бодлогоор жижиг улс гүрнийг эзэлж авахыг даяарчлал гэдэг байхаа. Хөгжилтэй дэвшилттэй улс орноос бид уламжлалт соёл иргэншлээрээ ялгагдах онцлог давуу талтай юм. Тиймээс монгол хүний оюун санааны дархлаа ирээдүйгээ аварна. Монгол ухаан бол хүн төрөлхтний оюун ухаанд хүрэх хүчирхэг ухаан юм.
-Монгол ухааныг ахуйн гүн ухаан гэснээ тодруулна уу ?
-Буддын гүн ухааныг багагүй судалж үзэж байна. Гүн ухаан бол далд увдис чанартай, онолтой, тайлбартай байдаг. Монгол ухааныг буддын гүн ухаантай харьцуулж үзэхэд адил төстэй чанар их харагддаг. Буддын гүн ухаанд буян нүглийн ялгааг сайн, муу үйлийн үрээр тайлбарладаг. Зовлонт хүний амьдралаас диваажинг хайгаад олохгүй гэж хоосон чанарыг ойлгуулдаг. Ахуйн гүн ухаан буюу монгол ухаанд буян нүглийг маш товч тодорхой хэлсэн байдаг. Жишээ нь, “Буян нүдгүй ч эзнээ олно, Будаа үзүүргүй ч хөрсийг цоолно “ гэх буюу “ Буруу санасан хүнд буян тогтохгүй, Буруу харсан нүхэнд нар тусахгүй”, Нүгэл нүдээ олно, Нүдгүй шуурга нүхээ олно” гэх мэт хүний оюун санааны оройд тултал шууд хэлсэн байдаг нь гайхамшигтай. Ер нь монгол ухаан шингэсэн амьдрал ахуйд мөрдөгдөх үг сургааль бүхэн гүн ухаан юм гэж ойлгох хэрэгтэй. Монголчууд түүхэндээ хос ёсны сургаалаар төрөө хүртэл засч байсан. Ийм л оюун санааны дархлаа сайтай ард түмэн шүү дээ.
-Өнөөдрийн Монголын боловсролын бодлого, тогтолцоо ямар түвшинд байна ?
-Монголчууд эртнээс гэрийн сургуулиар зөв монгол хүн болон төлөвшиж ирсэн. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж хэлэлцдэг. Хүн ер нь гурван боловсрол эзэмших ёстой. Гэрийн боловсрол, сургуулийн боловсрол, амьдралын боловролыг өв тэгш хүртсэнээр жинхэнэ боловсролтой хүн болно. Одоо бол сургуулиас өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт даатгаж өгчихөөд байна. Тэгэхээр цэцэрлэг гэдэг нь гэрийн сургууль юм. Цэцэрлэгийн багш асрагч нар тухайн хүүхдүүдийн аав ээжийг ямагт орлоно. Тиймээс боловсролын салбар сургуулийн өмнөх болон бага дунд ангид монгол цээр ёс, зан заншлын тухай хичээл оруулах талаар анхаарах нь зүйтэй болов уу . Гэрийн сургууль бол эцэг эхчүүд хүүхдийг багаас нь зөв монгол хүн болгож төлөвшүүлдэг. Сургуулийн боловсрол бол мэргэжил эзэмшүүлдэг. Амьдралын боловсрол бол ахуйгаас суралцаж туршлагатай болгодог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Үндэсний өв соёлын тухай бичсэн, ярьсан, туурвисан хүн бүхний бүтээлийг төр засгаас дэмжинэ” гэсэн нь цаг үеэ олсон уриалга байлаа. “Монгол ухааны эрхин хэлхээ” номоо бага, дунд сургуулийн сургалтанд оруулж өгөхийг энэ дашрамд БСШУСЯ-наас хүсч байгаагаа уламжилъя.
-Та лам хүн бас яруу найрагч. Хэчнээн бүтээл туурвисан бэ ?
-1990 -ээд оноос эхэлж шүлэг уран бүтээл туурвиж эхэлсэн. Лам хүн гэхээр л зөвхөн ном уншлага хийдэг гэж ойлгож болохгүй л дээ. Нийгэмд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. “Сэтгэл чанадын орон “, “ Бурхны шувуу “ шүлгийн түүвэр, бурхан шашны уран зохиол болох “Түргэнээ залрах залбирал”, эрүүл мэнд танин мэдэхүйн сэдэвтэй “Мөргөл” хэмээх номоо хэвлүүлсэн. “Монгол ухааны эрхин хэлхээ” сургаал шүлгийн ном маань тав дахь бүтээл юм. 2015 онд анх хэвлүүлж уншигчдад хүргэсэн. Одоо дөрөв дэх удаагаа хэвлэгдээд байна. Энэ хооронд олон мянган уншигчтай болсон. Ялангуяа Өвөрмонголын уншигчид минь маш халуун сэтгэлээр хүлээж авсан. Босоо монгол бичиг, кирил үсгээ хослуулан, монгол зургаар чимэглэж, үндэсний хэв шинжийг хадгалж харуулж хэвлүүлсэн. Ном бүтээхэд олон хүний хөдөлмөр авьяас шингэсэн. Өмнөх үгийг нь нутгийн ах, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд- Ооёо бичиж, босоо монгол бичгийг “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, бонгол зургийг Дарьгангын авьяаслаг зураач Б.Энхмаа, хавтас дизайныг уран бүтээлийн эрхэм найз Ч.Эрхэмбаяр урлаж нийтийн хүртээл болгосон. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, өвөрмонголчууд маань өв соёлоо биднээс илүү хүсч хүлээж авдаг юм билээ. Гэхдээ бид чинь дэлхий дээр цорын ганц хос бичигтэй ард түмэн юм шүү. Дээрхийн гэгээнтэн сургаальдаа “Ном бол удах тусмаа үнэд хүрдэг. Номоос олсон мэдлэг удах тусмаа эрдэм болдог” хэмээн айлдсан байдаг. Хамгийн үнэн зөв мэдээллийг номоос авч болно. Тиймээс ном уншихыг зөвлөж байна.
-Монгол дархлааны тухай та юу хэлэх бол?
-Монгол дархлааг бие, хэл, сэтгэл гурван зүйлд хувааж хэлье. Суурин иргэншилд төвлөрснөөс хөдөлгөөн багасч монгол хүний яс чанар муудаж байгаа нь илэрхий. Сүүлийн үед монгол хүний биед тохирох тохирохгүй нь мэдэгдэхгүй сүлжээний нэмэгдэл бүтээгдэхүүн их орж ирж байна. Үнэндээ энэ нь биеийн дархлааг дэмжиж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Харин аль болох мал сүрэгтэй амьд харьцаа тогтоох, онгон байгаль нутаг усаа зөв шүтэх, цэвэр эко идээ ундааны соёл нь монгол хүний биеийн дархлааг дэмжинэ. Монгол хэлээ гажуудуулахгүй байх нь хамгийн чухал. Гадаад үг хэллэг маш ихээр хэрэглэх болж монгол хэлэнд тортог сууж байна. Ялангуяа залуучууд нийгмийн сүлжээ цахим ертөнц хөгжиж гадаад үг олноор холилдох болжээ. Цаг үеийн шаардлагаар орж ирж байгаа гадаад нэр үгийг монгол утгаар нэршиж сурах хэрэгтэй. Мөн гудамж талбай, дэлгүүр үйлчилгээний газруудад хаяг илэрхийллийг бүрэн гүйцэд монгол үг үсэгтэй болгохоос эхлэх нь хэлний дархлааг сайжруулна. Сэтгэлийн дархлаанд үзэл бодол нөлөөлнө. Үндэсний үзэлгүй болох, амиа хичээх, нэгдэлгүй байх, олон нам, шашинд хуваагдах зэрэг нь сэтгэлийн дархлааг бууруулж байна. “Адгийн муу бол үзлийн муу” гэдэг шүү дээ. Эх оронч үзэлтэй болох нь хамгийн чухал. Үндэстэй бүхэн ургаж үртэй бүхэн дэлгэрдэг. Монгол хүний оюун санааны үндсийг өв соёлоороо ургуулахад хүн бүхний оролцоо хэрэгтэй. Монгол хүний бие хэл сэтгэл тунгалаг байх болтугай.
Эх сурвалж: Ч.Үл-Олдох