Хаврын нар үнэхээр элчтэй байдаг. Хэдхэн хоногийн өмнө хээр талыг бүчиж байсан цас наашлах тусам нимгэрч Уулбаян суманд орж ирэхэд бараг цасгүй шахам болж. Нялх төлийн цовоо дуу хангинасан малчдын хотонд малын бэлчээрт хүрч төл бойжуулах их ажлынхаа ард гарахаар зүтгэж буй. Уулбаян суманд урьд жилүүдийг бодвол өвөл нь цас ихтэй ч мал онд мэнд орж налгар, дэлгэр сайхан хавар болж байна. Шороо хийсэхгүй ч салхи сэрчигнэж хаврын улирал олон ааштай гэдгээ харуулж буй гэлтэй хүйтэн салхи нимгэн хувцастай нэгнийг жиндүүлэхээр зэвэргэн өдөр 2019 онд улстай данслагдсан амжилтаа дахин бататгасан Сүхбаатар аймгийн хамгийн олон буюу таван мянган малтай өрх МУ-ын хошой аварга малчин Дамдины Баярсайханыг зорин яваа энэ. Сум хөдөөдөө суурьшмал тохижсон аварга малчных төв дээр хоёр давхар хаустай нэг давхартаа найман нэрийн хүнсний дэлгүүр, хоёр давхартаа өөрсдөө амьдардаг аж. Ороод очиход хүн тасардаггүй айл гэдгийг нь илтгэж үүдэндээ тавчигнуудаа том жижгээр нь өрчихсөн байх нь нүдэнд тусав. Гэрийн эзэн олон таван үггүй нэгэн аймгийн төвөөс гарахдаа урьдчилж мэдэгдсэн бол бэлтгэл базаах байлаа гэсээр угтав. Гэргий Оюунгэрэл насаараа малын эмч хийсэн гялалзуур яриа байрын эзэгтэй хаврын их ажил эхлээд хөдөө гадаа нүүдэл суудал эхлээд зав муутай сууна хажуугаар нь бие өвдөөд эмнэлгээс саяхан ирлээ гэсээр хэзээний танилууд шиг хуучилж ширээнд суухыг урив.
Хамтын хичээл зүтгэл бүтээсэн хөдөлмөрийнхөө үр шимээр нэгэн насны амьдралдаа улсдаа хоёронтоо данслагдах их хувь заяаг хамтдаа хүртэж сууна. Өвөг дээдсийнхээ өгөөж буянаа хайрласан Уулбаян сумынхаа Дэрсэн худаг, Цав, Цагаан чулуут, Жаргалантын хүр, Уст хавцал, Тосон өвдөг, Дөрвөлжин, Хөвийн голоор арав гаруй суурь мал нь тааваараа идээшлэн байна. Сумын төвөөс зүүн хойш гаруй километр Дэрсэн худаг хэмээх газар адууны зүчээ малын хашаагаа товхинуулаад авч. Хашаанд эхээс гараад хэдийн удсан торниун хэдэн тугал өвс идэж хивэн хэвтэнэ. Бага наадмаас эхлээд томоохон наадамд хүчийг нь үзэх хэдэн морио тэжээлд оруулж эхэлсэн тухай адуучин яриа дэлгэлээ.
Баярсайханы төрсөн дүү Баяржаргал адуун суурийг нь хариуцан хурдан морио уяж сойж, аймаг, бүс, сумынхаа наадамд айраг түрүүг нь авч уясан хүлэг унасан хүүхэд хоёроо баярлуулж яваа тухай Баярсайхан гуай бидэнд хуучиллаа.
Эднийх арав гаруй туслах малчинтай. 2000 гаруй эх малаас төл хүлээн авна. Ууган төлийн түрүүч эхнээсээ хэдийн гараад эхэлсэн байна. Бог, бодын сууриар нь туслах малчддаа хариуцуулан өгч өвс ургамал сайтай нутгийг сонгон өвөлжиж, хаваржиж мал ахуйгаа адгуулан маллаж явна. Нутаг бэлчээр, өвс ургамалын гарц сайтайг нь сонгон малаа идээшлүүлэх нь чухал гэж ярих тэрээр малын тоогоо долоон мянга хүргээд цөөлөх аж. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах чанаржуулах тал дээр барга үзэмчин хуц, баяндэлгэрийн улаан ямаа, өндөр ашиг шимт махны чиглэлийн бух зэрэг угсаа гаралд нь онцгой анхаардаг байна. Тэнгэрийн байдал ажиж хэдэн малчдаа хаваржаанд буулгах нүүдлээ хийж эхэлж байгаа ид ажлын үеэр тэднийд хэсэг саатаад мордлоо. Байгаль цаг уурын хуурайшилт, ус бэлчээрийн хомсдол, малын түүхийн эдийн үнийн уналт гэсэн энэ гурван сөрөг хүчин зүйл малчдыг туйлдуулж байна даа гэснээр бидний яриа өндөрлөв. Гэвч малаа яаж маллахаа марксизмаар, төлөө яаж бойжуулахаа төрөөр заалгадаггүй малчид маань зүтгэж л байна. Төл бүхэн торниун, мал бүхэн нь мэнд байг.
СЭТГҮҮЛЧ А. НАРАНТУНГАЛАГ