Энэ сарын 04-ний өдөр Бичигт боомтын хилийг нээж, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч гол шалгуур болох ариутгал халдваргүйтгэлийн түр пунктын ажил өнөө хэр нь дуусаагүй байгаа учир хилийг товлосон хугацаанд нээх нөхцөл бүрдээгүй байна. Ариутгалын пунктын ажил үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт багтаан хилийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.
03 дугаар сарын 27-нд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Бичигт боомтод ажиллаж, урьдчилан сэргийлэх ажилтай танилцан, Мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлсний дараа хилийг нээж, ачаа тээвэрлэлтийг эхлүүл гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг ариутгал халдваргүйтгэлийн түр пунктын бэлэн байдалтай танилцжээ. Улмаар МХГ-аас өгсөн 15 заалт бүхий зөвлөмжийг гүйцэтгэгч компани болох Петрочайна дачин тамсаг ХХК одоогоор 70 орчим хувьтай биелүүлээд байгаа аж. Пункт нь дотроо ариутгалын гурван төхөөрөмжтэй байх ба уг төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн 80-90 хувийг ариутгах хүчин чадалтай байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Энэ долоо хоногийн сүүлээр дахин ажлын хэсэг ажиллаж, түр пунктын гүйцэтгэлийг хангалттай гэж үзвэл хилийг нээж, тээвэрлэлтийг эхлүүлэхэд бэлэн. Ариутгалын пунктээс гарах шингэн хаягдлыг хэрхэх болоод ариутгалын бодисын чанар нь стандартдаа хүрэхгүй байгаа гэсэн хоёр ажил хүлээгдэж байна. Тэгэхээр ариутгалын пунктээс бүх зүйл шалтгаалж байна гэсэн үг. Учир нь боомт дээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бусад арга хэмжээнүүдийг хангалттай гэж үзэж байгаа гэдгийг аймгийн МХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх хэллээ.
Харин ариутгалын пунктын ажлыг гүйцэтгэгч Петрочайна дачин тамсаг ХХК МХГ-аас өгсөн зөвлөмжийг 100 хувь хэрэгжүүлж, аюулгүй байдлыг бүрэн хангуулж чадаагүй тохиолдолд хилээ нээхгүй гэдгийг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар албан ёсоор мэдэгдлээ.