Түүх хүүрнэж байна. Байгаагүй зүйлс бий болж, байсан зүйлүүд өөрчлөгдсөөр буйг бид тэр бүр анзаардаггүй. Өмнөх дугаарт нийслэлийг Баруун-Урттай холбосон зам хэрхэн тавигдсан талаарх түүхэн баримтыг уншигч танд хүргэсэн билээ. Энэ удаад тухайн үедээ улсдаа жишиг ажил болон онцлогдож байсан хот төлөвлөлт, тэр дундаа газар чөлөөлөлтийн ажил Сүхбаатар аймагт хэрхэн явагдаж байсан талаар 2013 онд буюу одоогоос 7 жилийн өмнө ахмад сэтгүүлч Г.Сүхээ тухайн үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Ганзоригтой ярилцлага хийсэн нь одоо ч хадгалагдаж байна. Тэр үед Сүхбаатар аймгийн төвийн орон сууцуудын гадаах пин, амбаарыг нүүлгэн шилжүүлэхээс эхэлсэн газар чөлөөлөлт өдгөө бидэнд соёлын ямар том хувьсгал авчирсныг уншигч та бэлхнээ харж байгаа. Тухайн үеийн шинэлэг ажлуудын нэг газар чөлөөлөлтийг гардан удирдаж асан хүний ярилцлага уншигч танд сонирхолтой санагдах болов уу.
Сүхбаатар аймаг хот төлөвлөлтийн ажлаараа улсдаа жишиг болж байна. Энэ ч утгаараа 2012 оны ажлаар шилдэг таван аймгийн нэг нь болж чадсан юм. Тэрхүү хот төлөвлөлтийн ажлыг удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж байгаа хүний нэг нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Ганзориг билээ. Түүнтэй уулзаж газар олголт, чөлөөлөлт болоод жишиг хороолол, хот төлөвлөлтийн талаар ярилцлаа.
Баруун-Уртын газар чөлөөлөлт хавар, зун, намар гээд гурван улиралд явагдаж одоо дуусах тийшээ хандаж, жаахан амсхийх цаг зав гарч байна уу?
Төрийн ажил алба ямар дуусна гэж байх биш дээ, мөнхийн л үргэлжилж байдаг. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтийн ажил үндсэндээ дуусах шатандаа ороод байна.
Нийтийн орон сууцны гадуур байгаа пин амбаар, ТҮЦ, гараашийг зайлуулах ажлаас газар чөлөөлөлтийг эхэлсэн юм шиг санагдана…?
Тийм шүү. 2009 оны 1 дугаар сард аймгийн ГХБХБ-ын газрын даргын ажлыг хүлээж аваад ерөөсөө хот төлөвлөлтөөс ажлаа эхлэхээр шийдсэн.Тэр хавраас Баруун-Уртын орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээтэй газрууд дээр байсан пин амбаар, ТҮЦ, зөвшөөрөлгүй баригдсан гараашийг нүүлгэж эхэлсэн дээ. Ер нь яагаад энэ ажлаас эхэлсэн вэ? гэхлээр төвлөрсөн орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай болон хотын А зэрэглэлийн бүс цэвэр цэмцгэр, ногоон байгууламжтай байх ёстой. Гэтэл манайд болохоор энэ л алдагдчихсан, эсрэгээрээ олон янзын хийц загвартай том жижиг пин амбаар, гараашаар дүүрчихсэн, бүр гурван давхар орон сууцны хананд тулгаад машиндаа гарааж барьчихсан байлаа. Эхэн үедээ иргэдийн эсэргүүцэл, хэл амтай нэлээд тулгарсан. “Өөр хийх ажил байдаггүй юм уу?”, “Хувийн өмч рүү халдлаа, дайрлаа” гэсэн гомдол тэмцэл ч гарч байлаа.Бид ямар ч саад бэрхшээлийг сөрж энэ ажлыг хоёр жил дараалан хийж 141 пин, амбаар, ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж бүрэн дуусгасан. Харин ажлаа хийгээд дууссаны дараа иргэд маань “гадна орчин цэвэр сайхан боллоо, зөв ажил хийжээ” гэж урмын үгээр шагнаж байсан даа. Сүүлийн дөрвөн жилд нийтдээ 607 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 66,2 га газрыг чөлөөлсөн нэгдсэн дүн байдаг. Энэ бол бидний ажлын үр дүнг илтгэсэн нэлээд том тоо юм.
Ингээд орон сууцуудын гаднах пин амбаар, ТҮЦ-ыг чөлөөлчихлөө. Үүний дараа газар чөлөөлөх ажлыг хаанаас эхэлсэн бэ?
Аймгийн удирдлага Баруун-Урт сумыг тойргийн системээр буюу таван тойргоор хөгжүүлэх бодлого чиглэлээ тогтоож, түүнээ сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгсөн юм. Үүний дагуу 2012 онд 2 дугаар тойргийн зам тавих ажил эхэлж тэр замын трассын дагуух газар чөлөөлөлтийн ажлыг хийж 24 обьектыг нүүлгэж 1,15 га газрыг чөлөөлсөн.Харин энэ оны хувьд аймгийн түүхэнд хамгийн том газрыг чөлөөлсөн жил боллоо. Гурван том хэсэгт бөөнөөр нь газар чөлөөлөлт явагдлаа. Баруун-Урт сумын 7 дугаар багт Нисэхийн байранд 4 га, 3 дугаар багт 20 айлын орчимд 4,0 га, 7 дугаар багт Бөөний баазад 6 га, 2 дугаар баг Тээврийн товчооны орчимд хамгийн том буюу 15 га газрыг, мөн 3 дугаар тойргийн зам дагуу 5,5 га газрыг чөлөөлөөд байна. Нийтдээ 35,8 га газрыг чөлөөлөхөд 300-гаад өрх айлын хашаа байшин, гэр, орон сууц, пин амбаар, гараашийг нүүлгэн шилжүүллээ.Энэ ажлыг манай газрын хамт олноос гадна аймаг, сумын Засаг даргын тамгын газар бүрэн бүрэлдэхүүнээ оролцож нэлээд том хүчээр хийж гүйцэтгэсэн юм. Хавар 4 дүгээр сарын 15-наас эхэлж бүтэн зургаан сарын хугацаанд явагдлаа. Аймгийн төвд дахин ийм том газарт чөлөөлөлт хийгдэхгүй байхаа гэж бодож байна.
Ингэж газар чөлөөлөлт явуулахад бас тодорхой бодлого чиглэл, баримт бичиг, удирдамж гаргаж тэр дагуугаа ажилласан байх даа?
Тэгэлгүй яахав. Аймгийн удирдлага газар чөлөөлөлт нь ирээдүйг харсан бодит ажил, хот төлөвлөлтийн эхний алхам гэж үзэж ихээхэн хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулсан. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлт явагдлаа. Мөн газар чөлөөлөлтийн асуудлыг 2013 оны аймгийн төсөв, нийгэм эдийн үндсэн чиглэлд суулгаж өглөө. Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Газар чөлөөлөх түр журам”, “Иргэд, байгууллагын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал” батлан гаргаж, аймгийн Засаг даргын захирамжаар газар чөлөөлөлтийн ажлыг эрхлэн гүйцэтгэх 20 шахам хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж энэ ажлыг удирдаж явуулсан юм. Мөн дүйцүүлэх албаны цэргийг дайчлан ажиллуулах тухай шийдвэр гаргуулж, эд хөрөнгийн үнэлгээний тусгай комисс ажиллалаа. Дээр дурдсан тогтоол шийдвэр, журмаа нэгтгэн өнгөт товхимол болгон хэвлүүлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэддээ чиглэсэн сурталчилгааг сайтар явуулсан юм. Ингэж хууль эрх зүйн хүрээнд энэ жилийн газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгууллаа. Газар чөлөөлөлтөд аймгийн төсвөөс 2,0 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ажлын явцыг аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар 2 удаа хэлэлцэж, тулгамдаж буй асуудлыг нь тухай бүр шийдэж байлаа. Мөн энэ ажилд идэвхтэй оролцсон хүмүүсийг шагнаж урамшуулах ажил ч хийгдсэн. Сайн ажилласан хүмүүсээ энэ намар Хятад улсын аж үйлдвэр хөгжсөн зүүн өмнөд далайн боомт муж, хотуудаар аялууллаа. Өмнөд Солонгос руу 5 хүн явж байна.
Ажил гүйцэтгээд ирэхлээр багагүй саад бэрхшээл тохиолдож байв уу?
Саад бэрхшээлийн хувьд харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай аймагт газар чөлөөлөлтийн ажил ийм хурдан, үр бүтээлтэй явагдаад байгаагийн цаад утга нь иргэд маань бидний ажлыг талархан хүлээн авч, бүрэн дэмжиж байсанд юм. Хот орчноо хөгжүүлэхэд газраа чөлөөлж дахин төлөвлөлт хэрэгтэй юм байна гэдгийг манай иргэд маш сайн ойлгосон. Ер нь иргэд олон түмний дэмжлэг, сайхан сэтгэлийн туслалцаа, харилцан ойлголцол дээр газар чөлөөлөлтийн ажил явагдсан. Гэхдээ бидний ажлыг хөшиж гацаасан ганц нэгэн айл өрх, иргэд бий. Тухайлбал Тээврийн товчоо орчмын 123 айл өрхөөс 10 айл үлдсэн байлаа. Тэднээс бидний ажлыг ойлгосон нэлээд хэд нь энэ намар нүүсэн. Одоо 4-5 айл үлдсэн. Тэр айл өрх ирэх хавраас нүүчих байхаа гэж найдаж байна. Бид нүүхгүй байгаа иргэдэд ямар нэгэн албадах хүч хэрэглээгүй. Хүлээцтэй хандаж байна. Энэ нүсэр ажлыг гардаж зохион байгуулсан баг, тэнд хамрагдсан иргэд цөм нэгэн сэтгэлээр, нэг зүгт харж ажилласан явдал нь хамгийн том үр дүн байлаа.
Газар чөлөөлөлтөд орсон иргэддээ ямар нөхцөл боломжийн санал тавьж байв даа?
Ер нь газар чөлөөлөлтөд орж буй иргэддээ хэд хэдэн боломжийн нөхцөлтэй саналыг тавьсан. Шинэ газарт жишиг байдлаар барьсан гэр хороололд,1,2-2,6 сая төгрөгийн хашааг санал болголоо. Бага Дөрвөлжид 1200 айлын жишиг хашаа барилаа. Хоёр дахь нь халаалт дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон 5,0-15,0 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцанд орж болно. Тэгээд уламжлалт орон сууц, хаус хороолол байна. Мөн хашааг нь барьж, инженерийн шугам сүлжээг нь татаад өгсөн газарт иргэд өөрөө орон сууцаа барьж болно. Шинээр байгуулж буй “Боловсрол” хорооллын 240 айлын 64 квадратметр талбай бүхий 40,0 сая төгрөгийн Канад орон сууцанд 40,0 хувийн хямдралтай үнээр байр авах боломжийг олголоо. Газар чөлөөлөлтөд орсон иргэд бидний санал болгосон боломжит хувилбараас өөрсдөө сонгож авсан. Ер нь сонголт сайтай явагдсан. Мөн газар чөлөөлөлтөд хамрагдсан нэг ч иргэд, айл өрх хохирох ёсгүй гэсэн бодлого барьж ажилласан.
Хэдэн жилийн өмнө Жавхлант нэртэй жишиг хороолол байгуулсан. Дараа нь Бага Дөрвөлжид газар олгож шинээр суурьшлын бүс үүсгэлээ. Аймгийн төв гадагшаа тэлж байна. Энэ тэлэлтийг дагаад төрийн зарим үйлчилгээ иргэдийнхээ дунд очиж чадаж байна уу?
2009 оноос эхлээд шинээр газар олгож өмчлөлийн бүс байгуулахдаа зөвхөн жишиг хороолол маягаар байгуулж байгаа юм. 2009 онд Жавхлант нэртэй 100 айлын жишиг хороолол байгуулсан. Тэр хорооллоо 2012 онд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбож улсын хэмжээнд анхдагч ажил болж байлаа. Халуун хүйтэн ус, халаалтын шугам сүлжээг хашаанд нь оруулаад өглөө. Тухайн айл хашаандаа байшингаа бариад дотоод холболтоо хийхэд бэлэн. 2010 оноос Бага Дөрвөлжид 1200 айлын жишиг хороолол байгуулж газар чөлөөлөлтөд орсон өрхийг нүүлгэж шинэ суурьшлын бүс үүсгэлээ. Анх “Жавхлант” жишиг хорооллын хашаа 3,2 сая төгрөг байлаа. Дараа нь үнийг хямдруулах боломжийг хайж Дорнод, Хэнтий аймгийн сумдаас мод авчирч 1,2 саяар, 2012 онд 2,2 саяар, энэ жил 2,6 саяар хашаа барьж өглөө. Өмчлөлийн газар олгохдоо иргэдэд ингэж хашаа барьсан газар олгохоос гадна газрын трассыг татаж өгөөд иргэд өөрсдөө хашаагаа барих боломжийг олгож байна.
Жишиг хорооллыг манай хөдөөгийн 12 сум барьж эхлээд байна. 2009 онд барьсан 3,2 сая төгрөгийн үнэ бүхий жишиг хороололд инженерийн шугам сүлжээг нь татаад өгөхлөөр тэр газар хашааны үнэ өсөж 15,0 сая төгрөг болоод байна. Ингэж газрыг зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал “Жавхлант” жишиг хороололд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.
Сүхбаатар аймгийн хот төлөвлөлтийн арга туршлагыг судалж танилцахаар нийслэлээс болоод бусад аймаг хотоос нэлээд хүн ирэв үү дээ?
Манай газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр 9 аймаг ирээд байна. Тэд манай газар олголт, дахин төлөвлөлт болон жишиг хороолол гэж ямар юм хийгээд байна, шинэ суурьшлын бүсийг хэрхэн яаж үүсгэж байна, газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байгааг үзэж харж, танилцаад буцдаг.
Аймгийн төвөө 5 тойргоор хөгжүүлж байгаа байдал, явган хүний зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, аймгийн хөгжил, бүтээн байгуулалттай танилцаж, ажлын арга барилыг судалж байна. Ер нь жишиг хороолол нь манай аймгийн брэнд бүтээгдэхүүн болоод байгаа шүү.
Чөлөөлсөн газар дээрээ барьж байгуулах зүйл ч тодорхой болоод байна уу даа?
Хотын А зэрэглэлийн газраа гэр хороололгүй болгон чөлөөлж дахин төлөвлөлт хийж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарган орчин үеийн шийдэл бүхий бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал Тээврийн товчоо хавийн 123 айлын газрыг чөлөөлөөд 1500 айлын орон сууц барих ажлыг ирэх жилээс эхэлнэ.Тэнд инженерийн шугам сүлжээг нь улс, орон нутгийн хөрөнгөөр хийгээд өгөхлөөр дээр нь барих орон сууцны үнэ хямдарч ирнэ. Гуравдугаар багийн хорин айл орчимд хөл бөмбөгийн талбайтай спорт цогцолбор байгуулах ажил эхлээд байна. Боловсрол хороололд ямар ажил өрнөж байгааг бүгдээрээ харж сайн мэдэж байгаа. Өнөөдөр нийтийн орон сууцанд 1 квадратметр талбай 1150,0 мянгаар үнэлэгдэж байна. Харин хаус нь нийтийн орон сууцнаас үнэ нь харьцангуй хямд, 1 квадрат метр 500,0-600,0 мянган төгрөг байгаа учраас иргэд ч өөрсдөө барих сонирхолтой байна. Иймээс төрөөс зохих дэмжлэг үзүүлснээр эмнэлгийн хойд талд, 5 дугаар багийн бичил хороолол, Канад, эдлэн газартай Элит хороолол гээд 5 төрлийн хаус хороолол барьж байна.Сүүлийн таван жилд 2000 гаруй өрх орон сууцанд орлоо. Хотын төвд А зэрэглэлийн газрыг дуудлага худалдаагаар юм уу эсвэл төсөл сонгон шалгаруулалтаар олгож байна. Шинээр баригдсан жишиг хороололд халуун усны газар, зөөврийн усан сан барилаа. Бага Дөрвөлжид хурдан морины хөшөөт цогцолбор байгуулж байна.
Манай аймагт газар олголт, өмчлөлийн асуудал хэрхэн явагдаж байна бэ?
Манай аймгийн хувьд нийт иргэдийн 13,0 орчим хувь нь газраа өмчилж авсан нь улсын дунджийн хэмжээнд байна. Иймд манай байгууллагаас газар өмчлөлийг тодорхой бодлоготойгоор явуулж байна. Баруун-Урт сумын иргэдэд хөдөөгийн сумдад, мөн улсын чанартай авто замын дагуу тухайлбал Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дарьганга суманд газар өмчлөх саналыг тавьж байгаа.
Аймаг төвөө таван тойргоор хөгжүүлж байна. Тэгэхээр ирэх жилүүдэд иргэдэд газар олголтыг хаана хийх вэ?
-Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөх боломжтой газар хаана байна гэдгийг мэргэжлийн байгууллагаар энэ онд судалгаа хийлгэсэн. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хойд талын дөрөвдүгээр багт, мөн Бага Дөрвөлж жишиг хороололд хоёр эгнээ нэмж газар олгоно. Цаашдаа аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Нисэх буудлыг урагшаа нүүлгэж тэнд газар олгох боломжтой. Ер нь ирээдүйд Баруун-Уртыг урагшаа тэлж, төмөр замын өртөө зогсоолд ойртуулан хөгжүүлэх бодлого барьж байна.Одоогоор Баруун-Урт, Эрдэнэцагаан, Онгон, Мөнххаан, Дарьганга сум, Бичигт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээд байна. Үлдсэн зургаан суманд дахин төлөвлөлт хийх хэмжээний хөгжлийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна.
Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн ажлыг хариуцдаг албан хаагч болон иргэний хувьд аймгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг хандлагыг хэрхэн төсөөлж байна даа?
-Хамгийн сайхан асуулт байна. Аймгийнхаа хөгжлийг маш сайхан өөдрөгөөр харж явдаг хүний нэг. Тэгээд ч энэ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа бахархах сэтгэл төрдөг. Манай аймгийн төв ирээдүйд хөгжлөөр тэргүүний жишиг сайхан хот болох үндэс суурь хэдийнээ тавигдчихаад байна. Бид энэ дөрвөн жилд улсдаа жишиг аймаг болохоор зарлачихсан байгаа. Аймгийн төв маань Чойбалсангаас болон төвийн эрчим хүчний системд хоёр талаасаа холбогдчихсон. Ирэх жил наадмын өмнө Өндөрхаан-Баруун-Уртын хар зам ашиглалтад орчихно. Мөн Таван толгой-Чойбалсангийн төмөр зам Баруун-Уртын урд хормойгоор явж өнгөрнө. Сүүлийн жилүүдэд үлгэр домог шиг яригдаад байгаа Ази-Европыг холбосон Бичигт боомтоор далайд гарах төмөр замын асуудал хоёр улсын Засгийн газрын хэмжээнд яригдаж байна. Энэ намар 3 дугаар тойрог замдаа нарны зайгаар ажилладаг лед гэрэлтүүлэг тавьчихлаа. Ингээд явган хүний зам, ногоон байгууламжийн ажил жилээс жилд хийгдэж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайг олноор байгуулж байна.Төв суурингийн хөгжлөө дагаад ард түмний амьжиргааны түвшин ч одоогийнхоос сайжирч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Аливаа ажил нэгэн баг болж хамтарч ажилласнаар бүтдэг. Тэр тусмаа газар чөлөөлөлтийн асуудал нь харилцан бие биеэ сайн ойлгосон хамтын ажиллагааны үр дүн гэдгийг бидний хийж гүйцэтгэсэн ажил тод харууллаа.
Ярилцсан Г.СҮХЭЭ