Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НОМИНГИЙН САЛБАР ДЭЛГҮҮР НЭЭГДСЭН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ ДУРСАМЖ…

Худалдаа үйлчилгээний тэргүүлэгч Номин холдинг ХХК-ийн Номин сүлжээ дэлгүүр Сүхбаатар аймагт 2014 онд салбар төвөө нээж, өдгөө аймаг орон нутгийн ард иргэдэд өргөн сонголттой, чанартай хүнсний болоод ахуйн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжийг олгосоор байгаа. Тэгвэл энэ салбар дэлгүүр анх хэрхэн байгуулагдсан талдаар тухайн үед аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Хосбаярын бичсэн сэтгэгдлийг хүргэе.

Тэрээр энэ тухай дурсахдаа, 2013 он шиг санаж байна.Тухайн үед аймагт дутагдаж байсан орчин үеийн интернэйшнл зочид буудал, бас томоохон худалдааны төвтэй болохын тулд Монгол Улсдаа томоохонд орох “Номин трэйд” “Моннис” компаний удирдлагуудтай тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь дарга уулзаж , энэ тухайгаа ярилцан улмаар тэдгээр компаниуд хамтарч зочид буудал,мөн орчин үеийн худалдааны төвийг Баруун -Урт хотод барихаар болсон юм. Харин Сүхбаатар аймгийнхан бид хязгаар нутагт эрсдэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтаа олон жилийн дараа нөхөж магадгүй тийм эргэлзээтэй зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийг дэмжиж, өөрт байгаа ганц хүчин зүйл болох газраа л үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр болсон. Явцын дунд Моннис компани зочид буудлын төслөө хэрэгжүүлэхээ зогсоосон. Харин “Номин трэйд” компани дангаараа худалдааны төв барихаар болсон. Хагас жилийн дараа Номингийн захирал Ш.Баярсайхан өөрөө Ж.Батсуурь даргатай дахин  уулзаад “Уучлаарай! Ж.Батсуурь дарга аа! Танд болоод танай Сүхбаатарчуудад баярлалаа. Бидэнд итгэл хүлээлгэсэнд,бас боломж олгосонд. Манай маркетингийнхан судалж үзээд, хүн ам цөөнтэй жижигхэн аймаг юм байна.Төсөл хөрөнгө оруулалтаа нөхөж ,ашигтай ажиллана гэхэд эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт хийлээ.Бид төслөө хэрэгжүүлэхээс татгалзахаас өөр аргагүй боллоо.” гэсэн. Ж.Батсуурь дарга хариуд нь“Та нар хүнийх нь тоог харгалздаг юмуу, мөнгөнийх нь хэмжээг харгалздаг юм уу? Манай аймаг гурван  сая малтай, жилдээ нэг сая орчим нь зах зээлийн эргэлтэд ордог. Богт шилжүүлсэн дунджаар 300 орчим тэрбум төгрөг зөвхөн эндээс орж ирнэ. Энэ мөнгөний 10 хувь нь л 300 сая төгрөг . Энэ 10хан хувийг нь л барьж авч чадахад төсөл ашигтай байх юм бишүү. Хэрэв чадахгүй бол танайх бизнесийн том байгууллага биш юм байна” гэж хэлсэн. Энэ үг Номингийнхонд нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй. Ямар ч л байсан удалгүй бүтээн байгуулалтын ажил эхэлж Сүхбаатар аймагт “Номин” салбараа нээж, Сүхбаатарчууд бид орчин үеийн стандартад ойртсон үйлчилгээтэй, өргөн сонголттой дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой болсон юм гэжээ.

Эрсдэлтэй боловч эргээд харахад үнэхээр зөв хөрөнгө оруулалт байсан гэдгийг компанийн удирдлагууд жилд ирэх тусам ойлгож, одоо ч түүнийхээ үр шимийг хүртсээр буй…